Төрийн үйлчилгээг 11 минутад авч болж байна гэвэл та итгэх үү. Туршилтаар үйл ажиллагаа явуулж эхлээд хэдхэн хонож буй Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийнхөн ийм шуурхай бөгөөд шинэлэг систем нэвтрүүлсэн байна, цаана чинь. Иргэдийн үйлчилгээ авах хүсэлтийн маягтыг ногоон, шар, улаанаар ангилж, төрийн байгууллагын ажилтнууд 11 минутаас нэг сарын дотор асуудлыг тань шийдэж өгдөг болчихож. Жишээ нь, хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан, 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн группээ сунгуулахад ногоон маягт бөглөнө. Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтан таны бүрдүүлсэн материалыг шалгахад тав, дараа нь түүнийгээ мэдээллийн санд оруулахад мөн тав, дэвтэрт тэмдэглэхэд нэг, нийт 11 минут зарцуулна гэсэн үг. Жирэмсний болон амаржсаны дараах тэтгэмжээ сунгуулах, найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл авах гэх мэт 89 үйлчилгээг ийнхүү газар дээрээс нь авах боломжтой. Харин шар маягт бөглөж хүсэлт гаргасан иргэн 20 гаруй төрлийн үйлчилгээнд хамрагдах бөгөөд ажлын 12 цагийн дотор хариугаа авна. Улаан маягтын хариуг 1-30 хоногт өгөх юм билээ. Цаашид техник технологи, программ хангамжаа сайжруулж, архиваа цахимжуулан, бүх үйлчилгээг ногоон, шар гэсэн ангилалд шилжүүлэхэд анхаарч буй гэсэн. Ерөнхийдөө бол төрийн үйлчилгээг иргэн танд үзүүлэх хугацаа замын гэрлэн дохиотой адилхан болжээ. Хэрэв таны хүсэлтийг шийдэж өгөх боломжгүй гэж үзвэл хариугаа мөн дээрх хугацаанд танд заавал мэдэгдэнэ. Ингэснээр иргэд урьдынх шигээ нэг хүсэлтийн хариу авах гэж албан байгууллагын үүд онголзуулан хэд дахин “гороолох” шаардлагагүй болсон гэсэн үг.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс сурвалжлага хийхээр “Дүнжингарав” худалдааны төвд очиход машины хэдхэн зогсоол сул байв. “Энд гэсэн байх аа, тийм үү”, “Энэ хаалгаар орох нь зөв болов уу” гэх хэдэн хүнтэй хамт үүдээр нь оруут бүгд гайхаж орхих нь тэр. Төрийн байгууллага биш, аль нэг кино театрт, эсвэл манай хувийн хэвшлийнхэн сүүлийн үед нэлээд түгээн дэлгэрүүлээд буй томоохон соёл үйлчилгээний төвд “төөрөөд” ирчихсэн мэт сэтгэгдэл төрөв. Цэлийсэн саруул танхимын энд ч кофе шоп, тэнд ч хүүхдийн тоглоомын талбай, уулзалтын өрөө, иргэд өөртөө үйлчлэх цэг, нотариат, бичиг хэргийн худалдаа, цахим болон энгийн банк, ТҮЦ машин, WiFi орчин гээд үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагыг нарийн бодолцсоны дээр ая тухай байх боломжоор нь хүртэл хангаж өгчээ. Бид хэдийгээр үдийн цайны цагаар тус төвд очсон ч гэлээ санаснаас харьцангуй олон үйлчлүүлэгчтэй байлаа. Учир нь эндхийн ажилтнууд “Цайны цаг” гээд үүдээ дангинатал цоожлоод явчихгүй, ээлж ээлжээр цайлдаг юм байна. Энд нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллагын 230 орчим үйлчилгээг нэг дор төвлөрүүлжээ. Үүгээр өдөрт 600-700 хүн үйлчлүүлж байгааг тус төвийн дарга О.Мөнх-Оргил хэлэв.
Баянзүрх дүүргийн иргэн Г.Батсүх эхнэртэйгээ хамт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг зорихдоо цайныхаа цагаар ажлаа амжуулахаар яарчээ. Тэрбээр нийгмийн даатгалын дэвтэр дээрээ шимтгэл төлсөн бичилтээ хийлгэхээр ирсэн бол эхнэр О.Саруултуяа нь ХХОАТ-ын хөнгөлөлт эдлэхээр хөөцөлдөж яваа аж. Хувиараа ажил хийдэг тэд энд ирэхийн өмнө дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст очсон боловч дугаарлаж зогсохоос түвэгшээснээ нуугаагүй. Тус төвд төвхнөсөн байгууллагуудаас хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нь татварынхан байлаа. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн тайланг энд дүүрэг харгалзахгүй авч байгаа тул арга ч үгүй биз. 13.40 цагийн байдлаар татварын байцаагч нарын өмнөх автомат зарлагч 201 гэсэн дугаар зааж байв. Дугаарласан хүмүүс банкаар үйлчлүүлж байгаа юм шиг өөрийнх нь дугаар болонгуут очих аж. Нийслэлийн Халамжийн газар гэсэн хаяг бүхий хэсэгт мөн арав орчим үйлчлүүлэгч байсны олонх нь хүүхдийн мөнгөний тулгалт хийлгэх, эсвэл смарт карт шинээр авах, сунгуулах гэсэн иргэд гэнэ. Тэдэн дунд Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх гээд өөр өөр дүүргийн хүн ч байв. Сүхбаатар дүүргийн иргэн А-гаас “Яагаад заавал наашаа зорьж ирсэн юм бэ, хол биш байна уу” гэхэд “Цагаан сарын бэлтгэл базаахаар юмны үнэ сонирхож яваад энд ийм үйлчилгээний төв нээгдсэнийг мэдлээ. Тэгээд ажлаа давхар амжуулчихъя гээд хүлээж байна” хэмээсэн.
Өнөөдөр албан ёсоор нээлтээ хийх гэж буй Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Оргилоос зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг яагаад заавал “Дүнжингарав” худалдааны төвд нээсэн юм бэ. Энэ хавь замын түгжрэл ихтэй, бас төвөөс нэлээд зайтай шүү дээ?
-“Дүнжингарав” орчимд замын хөдөлгөөний ачаалал ихтэй гэдэг үнэн. Гэсэн гаднаа 5000 машины зогсоолтой, дотроо ийм том талбайтай үйлчилгээний газар одоохондоо Улаанбаатарт алга. Нөгөөтэйгүүр энд нийтийн тээврийн найман чиглэл байдгийн тав нь эцсийн зогсоол. Үүгээр дайран өнгөрөх нийтийн тээврийн чиглэлийг дахиад нэмэхээр Тээврийн газар судалж байгаа. Мөн энэ зунаас төмөр зам доогуур нэмж гүүрэн гарц байгуулна. Цаашид бид “Мишээл” худалдааны төв, “Содон” хороололд төрийн үйлчилгээний нэгдсэн төв нээж, захын дүүргийн иргэдэд ойртох юм. Энэ мэтээр төр, хувийн хэвшлийн сайн түншлэл дээр тулгуурлан, төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй хүргэх болно.
-Дүүргүүдэд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нь хэвээр байгаа. Тэгвэл Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг зорьж ирснээр иргэдэд ямар давуу талтайг та хэлж өгнө үү?
-Нээгдээд удаагүй хэрнээ манайхаар үйлчлүүлэгсдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь тэгэх шалтгаан бий гэсэн үг. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчилж байна. Мөн төрийн үйлчилгээний бусад байгууллагатай харьцуулахад бид уртасгасан цагаар ажилладаг. Манайх өглөө 08.00-20.00 цаг хүртэл бүтэн 12 цаг ажиллаж байгаа тул иргэд орой ажлаа тараад төрийн үйлчилгээ авах эрхтэй болж байна. Хамгийн гол нь манай иргэд өмнө нь төрийн үйлчилгээ авахдаа шаардлагагүй олон шат дамжлага туулдаг байсныг өөрчлөн, тогтолцооны хувьд хялбаршуулж өгснөөрөө онцлог. Шийдвэр гаргах ёстой аль нэг дарга, комиссын гишүүн нь ээлжийн амралттай, эсвэл гадагшаа томилолтоор явсан зэргээс шалтгаалж хурал болохгүй, иргэдийг хүлээлгэн цаг, мөнгийг нь үрдэг байснаа больсон. Ингэснээр иргэд өргөдөл, хүсэлтээ хурдан шийдүүлэхийн тулд танил талаа гуйх, төрийн албан хаагчийн гарыг хүндрүүлэх шаардлагагүй болж байгаа юм. Гэхдээ иргэдэд хурдан шуурхай үйлчилнэ гээд “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг шиг хөнгөн хуумгай зүйл гаргуулахгүйн төлөө бид хичээнэ. Үүний тулд программ хангамж, техник технологийн дэвшлийг ашиглан, мэдээллийн нэгдсэн бааз бий болгоно.