“Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Т.Ариунбаатартай ярилцлаа
-“Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” нь Засгийн газрын 2012 оны 91 дүгээр тогтоолоор төмөр замын суурь бүтцийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг уялдуулан зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах бүрэн эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан шүү дээ. Танай төв оршин тогтносноор төмөр замын салбарт ямар өөрчлөлт шинэчлэлүүд гарах вэ?
-Юуны өмнө “Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв” байгуулагдах зайлшгүй шалтгааныг товчхон тодорхойльё. Үүнд, хууль тогтоомжийг биелүүлэх, тээврийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, улс орны эдийн засгийн бүтээмжийг дээшлүүлэх, төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг зайлшгүй шаардлагууд багтана. Мөн төмөр замын тээвэрт оролцогчдын ашиг сонирхолыг төрийн зохицуулалтаар хангах, төмөр замын тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг бий болгох,төмөр замын салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах хүчин зүйл болох юм. “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” нь бүрэн хүчин чадлаар ажилласнаар үр ашиг бүхий тээврийн оновчтой нэгдсэн систем бий болж орчин үеийн дэвшилтэт техник технологи нэвтэрч салбарын хөгжил шинэ түвшинд хүрнэ. Түүнчлэн төмөр замын тээврийн аюулгүй байдал хангагдаж зах зээлийн өрсөлдөөнийг бий болгож олон улсад монголын төмөр замын өрсөлдөх чадвар нэмэгдэх үр нөлөө бүхий үр дүн гарна.
-Та бүхний цаашдын зорилго чиглэл юу вэ?
-Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн үйл ажиллагааны 2014–2018 оны стратеги төлөвлөгөөг захирлын зөвлөлийн 2014 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж баталсан. Манай байгууллагын эрхэм зорилго бол галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй, шуурхай, найдвартай, үр ашигтай удирдлага, зохицуулалтын нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх явдал юм. Мөн манай төв нь аюулгүй байдал, дүрэм, чанд сахилга бат, хариуцлага, шуурхай байдал, нэгдмэл үйл ажиллагаа, мэдлэг чадвартай ажилтныг эрхэмлэдэг. Түүнчлэн Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн удирдлага, зохицуулалтын бодлогыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, шийдвэрлүүлэх, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нэгдсэн удирдлага, зохицуулалтыг төлөвлөж хэрэгжүүлэх, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын мэргэшил арга зүйг бүтээгч байгууллага болгох гэсэн стратегийн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
-Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвөөс авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар ?
-Манай байгууллага нь 2013-2014 онд холбогдох хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмүүд болох “Галт тэрэгний зурмаг зохицуулалтын журам”, “Төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журам”, “Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам”-ыг боловсруулж батлуулсан. Түүнчлэн төмөр замын тээврийн тарифын уян хатан бодлогыг бий болгох, төмөр замын тээврийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ, тарифын өөрчлөлтөд шударга бус өрсөлдөөн үүсэхээс сэргийлж, салбарын хөгжлийг дэмжих зорилгоор “Суурь бүтэц ашиглалтын тариф тогтоох аргачлал”, “Зүтгүүр ашиглалтын тариф тогтоох аргачлал”, “Ачааны вагоны тариф тогтоох аргачлал”, “Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч төмөр замын байгууллагын нэгдсэн технологийн горим”-ын төслийг тус тус боловсруулж, төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлснээс дээрх төсөлүүд Зам, тээврийн сайдын 2015 оны 188 дугаар тушаалаар батлагдсан. Төвийн технологийн барилга баригдах 1262 ам метр газрын асуудлыг шийдвэрлүүлсэн, техник, эдийн засгийн үндэслэл, барилгын зураг төслийн ажлын даалгавруудыг боловсруулж батлуулсан. Мөн ГТХЗНТ-ийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар батлууллаа. Суурь бүтцүүдийн Галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, зурмагийн гүйцэтгэл, зорчигч, ачаа урсгалд шинжилгээ хийж, ажлын үр дүнг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулсан.Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, норм, норматив, стандарт зэрэг 38 баримт бичигт хөдөлгөөн зохицуулалтын үйл ажиллагаатай холбоотойгоор тусгах зохицуулалт, нэмэлт, өөрчлөлтүүдийн саналыг боловсруулж Зам, тээврийн яаманд хүргүүлсэн зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
-2016 онд авч хэрэгжүүлэх санал санаачлага юу байна вэ?
-Улиран өнгөрсөн 2015 онд галт тэрэгний хөдөлгөөний 2015 оны зуны, 2015-2016 онд өвлийн нэгдсэн зурмагийг суурь бүтэц эзэмшигч нартай хамтран боловсруулж анх удаа баталлаа. Мөн Хөдөлгөөний нэгдсэн зурмагийн гүйцэтгэлийг сайжруулах, суурь бүтцийн тээх, нэвтрүүлэх чадвар, суурь бүтэц эзэмшигчийн хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтанд хяналт тавих зорилгоор суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийн гүйцэтгэлд хоёр удаа шинжилгээ хийж, дүгэнэлтийг суурь бүтцэд эзэмшүүлэхээр Хөдлөх бүрэлдэхүүний мэдээллийн сан бүрдүүлж, хөтөлж ажиллах журмыг боловсруулж баталсан. Салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээг өргөжүүлж Төмөр замын салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөний төслийг боловсруулж төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дэмжүүлэн ажиллаж байна. Мөн Төмөр замын тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж хөтөлж захиргааны статистик мэдээллийн маягтыг боловсруулж, батлууллаа. Түүнчлэн олон улсын болон Европын холбооны төмөр замтай холбоотой чухал 17 стандартыг орчуулж боловсруулснаас 10 стандартыг батлуулаад байна. Мөн салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дүрэм, журам, норм норматив, стандартад хөдөлгөөн зохицуулалтын төвийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан салбарын хөгжлийн бодлого, стратегид тусгагдсан арга хэмжээ болон төрийн хэрэгцээнд зориулсан чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн томоохон ажлуудыг хийж гүйцэтгэлээ.