"Ирвэс хамгаалах сан"-гийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл өнгөрөгч арваннэгдүгээр сарын 5-ны өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон бөгөөд зургаан хоногийн дараа Хөвсгөл нуураас амиа алдсан байдалтай олдсон хэрэг гарсан билээ. Тэгвэл уг хэргийн талаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Тус хуралд Мөрдөн байцаах газрын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Э.Идэрцог, Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Б.Манлайбаяр нар оролцсон юм. Хурлын эхэнд ““Ирвэс хамгаалах сан” ТББ-д биологич ажилтай Т.Лхагвасүмбэрэл гурван удаагийн халдлагад өртөж, амь насаа алдсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Мөрдөн байцаах газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байх үеэр уг гэмт хэргийн талаар ташаа мэдээлэл удаа дараа гарч, олон нийтийг төөрөгдүүлсэн хэрэг гарч байгаа учир хэргийн талаар хяналтын прокурорт танилцуулсны үндсэн дээр прокурорын зөвшөөрөлтэйгөөр тодорхой мэдээллийг олон нийтэд мэдээлж байгаа” хэмээн онцолсон юм.
Үүний дараа Мөрдөн байцаах газрын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч, дэд хурандаа Э.Идэрцог уг хэргийн талаар танилцуулсан юм. Тэрээр “Ирвэс хамгаалах сангийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл амиа алдахаасаа өмнө нийт гурван удаа халдлагад өртсөн.
Эхний удаад, 2015 оны нэгдүгээр сарын 05-нд “Ирвэс хамгаалах сан” ТББ-ын тэргүүн н.Баяржаргал Т.Лхагвасүмбэрэлийг яагаад ажилдаа ирэхгүй байгааг асуулгахад тэрбээр мэйлээр “Би гэмт халдлагад өртлөө. Тавдугаар сургуулийн орчимд явж байхад автомашинтай хүмүүс ирээд намайг машиндаа суулгаад дарамтласан. Мөн гар утас, гадуур хувцас хоёрыг минь авсан ч удалгүй буцааж өгөөд намайг явуулсан. Би машинаас буугаад Барилгачдын талбай орчимд гүйж гарч ирсэн. Тус машины дугаар, маркийг сайн хараагүй учраас цагдаад мэдүүлж чадахгүй байна” гэсэн байсан. Үүний дараа нэгдүгээр сарын 20-нд “Ирвэс хамгаалах сан”-гийн тэргүүн Цагдаагийн ерөнхий газрын даргад уг хэргийг шалгаж өгөхийг хүссэн өргөдөл ирүүлж байжээ. Үүнийг Сүхбаатар дүүргийн прокурорын хяналтан дор шалгаж, прокуророос Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Учир нь алдагдсан эд зүйл, учирсан гэмтэл байхгүй, халдлага мөн эсэх нь тогтоогдоогүй байна.
Хоёрдахь удаад, 2015 оны тавдугаар сарын 24-ний өдөр талийгаач дөрвөн залууд гүрээ болон гарын шуун тус газраа зүсүүлсэн байсан бөгөөд цагдаагийн байгууллагад хандаагүй, гэмтлийн эмнэлэгт очиж анхны тусламж аваад, маргааш нь хувийн эмнэлэгт 5-6 хоног хэвтэн эмчлүүлж байжээ. Үүний дараа АНУ руу сургуульд сурахаар явсан гэдгээ мэдүүлсэн.
Гурав дахь удаад, 2015 оны дөрөвдүгээр сарын 30-нд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Хүрэн даваагаар давахад масктай хоёр хүн түүнийг хутгалсан гэсэн ба өөрөө мотоциклтой зугтааж 32 км газар явсан гэж мэдүүлж байсан. Тухайн үед хэрэг учралын газрын үзлэг хийхдээ тухайн орон нутгийн мөрч, анчин гэх мэт маш чадварлаг хүмүүсийг хамруулж үзлэг хийхэд мотоциклийн хуучин мөрөөс өөр мөр олдоогүй. Энэ талаар мэдүүлэг авсан байдаг. Тэгээд Өмнөговь аймгийн цагдаагийн газраас 2015 оны тавдугаар сарын 01-нээс эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд талийгаач халдлагад өртсөнөөсөө хойш Гурван тэс суманд очоогүй, харин зургадугаар сард Өмнөговь аймгийн цагдаагийн газар очиж гурван удаа байцаалт өгсөн юм билээ. Мөн есдүгээр сард шинжээчийн дүгнэлт танилцуулах болон дахин байцаалт авахаар удаа дараа дуудсан ч талийгаач очоогүй.
Ингээд шалгаж байх явцад 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос талийгаачийг сураггүй алга боллоо гэж ах, дүү нь өргөдөл өгсний үндсэн дээр эрүүгийн хэрэг үүсгэн хайж эхэлсэн. Тэгээд 11 дүгээр сарын 11-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос талийгаачийн машин олдож, хэргийн газрын үзлэг хийгдсэн. Талийгаач автомашинаар хэргийн газар руу явж байхдаа 5-6 удаагийн камерын бичлэгт бичигдэж үлдсэн. Тус бичлэгт талийгаач өөрөө 3-4 удаа машинаас бууж сууж байгаагаар үлдсэн байна. Тэгээд Мөрөн сум руу орж ирэхэд улсын дугаарыг зургаар бичиж авдаг камерын бичлэгт талийгаачийн машин орж ирж байгаа нь бичигдээгүй аж. Тэрээр өөр замаар орж ирсэн байх магадлалтай тул шалгаж байгаа.
Тухайн газарт машин нь олон хоног байсан гэдгийг тогтоосон бөгөөд ундаа болон тал шил "Сархад" архи машин дотроос олдсон. Мөн хоёр ширхэг гар утсыг машинаас нь олсон бөгөөд утасны цэнэг нь дуусах гээд байсан учраас бичлэгүүдийг компьютерт хуулж аваад ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн. Харин архины шилэн дээр хоёр ширхэг хурууны хээ олдсон байна.
Харин цогцсод задлан шинжилгээ хийхэд живэлт буюу амьсгалын замд гаднын биет болох ус орж нас барсан бөгөөд хөнгөн зэргийн согтолттой байжээ гэдэг нь тогтоогдсон. Үүнд гаднын нөлөө байна уу үгүй юу гэдгийг шалгаж байгаа.
Талийгаачийн тусгай хамгаалалтад авахаар тэмцэж байсан гэх Өмнөговь аймгийн Тост, тосон бумбын нуруунд нийтдээ 16 компани 21 лиценз эзэмшсэн байдаг. Тэдгээр эзэмшигчийг мөн адил дуудаж байцаалт тайлбар авч байгаа. Мөн гаднын шинжээчдийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа” гэсэн юм.
Мөн энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хийсэн “Цензургүй сурвалжлага”-ын үеэр нийтэд цацагдсан талийгаачийн гар утасны бичлэгийг дуу авиагаар шалгахад нэг хүний дуу авиа болох нь тогтоогдсон гэсэн юм.