Индонезийн нийслэл Жакарта хотын төвд байрлах "Сарина" худалдааны төв, "Старбакс" кафе мөн цагдаагийн постод дэлбэрэлт болжээ. Энэ нь Парист болсон халдлагатай тун төстэй байгаа бөгөөд дэлбэрэлтийн дараа буутай этгээдүүд дэлгүүр дотор эргэлдэж байсан байна.
Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдүүдтэй буудалцаж энэ үед нэг цагдаагийн албан хаагч, гурван гэмт этгээд амь үрэгдсэн байна. Гэмт этгээдүүд бүгд баригдаагүй байгаа бөгөөд Индонезийн цагдаагийн болон эмнэлгийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Уг явдлаас болж Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо орон нутагт хийх айлчлалаа цуцлан нийслэлд эргэн ирсэн бөгөөд хохирогчдын тоог гаргаж, нас барсан иргэдийн ар гэрт анхаарал тавих, шархадсан хүмүүст яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Хүмүүс цахим сүлжээгээр #prayforjakaрta hashtag бүхий пост нийтэлсээр байна.