Хэлэх ч үг олдохгүй юм. Төр, засаг нь хүртэл ядарсан иргэдийнхээ чихэнд сайхан үг шивнэн тайвшруулж байгаад араар нь атгаг санаагаа гүйцэлдүүлдэг нь хошин. Хүүхдийн эмнэлэг хүрэлцдэггүйгээс багачууд хонгилын шалан дээр хэвтэн эмчлүүлж, дөнгөж нярайлсан эхчүүд хоёр, гурваараа нэг орон дээр хүүхдээ хөхүүлж байгаад дарж алсан жишээ ч байгаа.
Тэгэхэд эрх баригчид иргэдээрээ зүгээр л даажигнаад сууж байна. Энэ нь хүний ёсонд нийцэх зүйл мөн үү. Учир юу гэвэл Ч.Сайханбилэг шийдлийн Засгийн газрыг толгойлон гарч ирэнгүүтээ хэд хэдэн яам, агентлагийг татан буулгаж, нэгтгэсэн.
Үүн дотор Соёл, спорт, аялал жуулчлалын яам багтаж, байр нь эзэнгүйдсэнээр энэ бүх үлгэр эхэлсэн юм. Соёлын яамны барилгыг хүүхдийн эмнэлэг болгох эрх баригчдын шийдвэр удалгүй гарч, телевизүүдийн оройн мэдээ, сонин хэвлэлүүдийн маргаашийнх нь дугаарын тэргүүн нүүрт Ч.Сайханбилэгийг магтсан цагаан мэдээллүүд хөвөрч байв.
Харамсалтай нь, энэ нь зүгээр л жүжиг, шийдлийн засаг төр барингуутаа ард түмний санаа бодлыг эргүүлэхийг оролдсон, увайгүй үйлдэл байсан нь одоо тодорхой боллоо.
Түүх сөхвөл, 2014 оны арванхоёрдугаар сард шийдлийн Засгийн газар ССАЖЯ-ны барилгыг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гаргаж, цаашид ч татан буугдсан төрийн байгууллагуудын барилгыг судалж, эмнэлэг болгоно гэлээ.
Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд Засгийн газрын X байрыг хэзээ эмнэлгийн зориулалтаар ашиглахыг шалгаасаар 2015 онтой золгов. “Судалж байна, шийдэж байна” гэсээр эцэстээ “Хотын төвд эмнэлэг байх нь тохиромжгүй, замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхээс гадна, Соёлын яам автомашины зогсоолгүй” хэмээгээд болиулсан.
Дараахан нь Засгийн газар дахин хуралдаж, “Зам, тээврийн яам гаднаа машины зогсоолтой юм чинь эдний байрыг эмнэлэг болгочихъё” гэв. Шийдвэр гаргах тийм амархан.
Хүүхдийн тоглоом шиг энэ яриагаа ажил хэрэг болгохыг ЭМС-ын сайдад үүрэгдсэн. Энэ үлгэрээр бол бид 2015 оны хоёрдугаар сарын 1 гэхэд 150 ортой хүүхдийн эмнэлэгтэй болж, амар сайхандаа жаргах байлаа, хөөрхий.
Хамгийн инээдтэй нь, Зам, тээврийн яамныхан байраа юу гэж тийм амар тавиад туух вэ. Дээгүүр, доогуур “хов” хутгаж гүйсээр “Уг барилга нь эмнэлгийн байгууламжид тавих ёстой стандарт, шаардлага хангахгүй” гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагуудаар гаргуулж дөнгөсөн.
Энэ сургаар сайд, дарга нар ард түмний өмнө тавьсан жүжгээ алга ташилтаар төгсгөчих санаатай хүүхдийн эмнэлэг болгох байр, объект хайж, Сүхбаатар дүүрэг, Зуун айлд байрладаг “Мон сам” тариурын үйлдвэрийн барилга, Физик, Хими технологийн хүрээлэнгийн байрыг хүртэл булаахаар оролдсон.
Эцэстээ эрх баригчдын энэ бүх оролдлого бүтэлгүйтэж, ССАЖЯ-ны барилга дээрээ буцаад буусан юм.
Хуучны, эмнэлгийн зориулалтаар ашиглахад тохиромжгүй, машины зогсоолгүй, замын хөдөлгөөнд ачаалал үүсгэнэ гэж гоочилсон барилгаа 2015 оны гуравдугаар сарын 19-нд дуудлагаар худалдсанаар ХААН банк 6.715.850.000 (анхны дуудсан үнэ нь 5.9 тэрбум төгрөг байв) төгрөгөөр үнэ цохиж авсан билээ.
Тухайн үед энэ мөнгийг хүүхдийн эмнэлэг барих, өргөтгөхөд зарцуулна гэсэн томчуудын амлалт өнөөдөр хог дээр үсэрчихлээ.
ЭМСЯ-нд хүүхдийн эмнэлгийн хүрэлцээг ингэж сайжруулаарай гээд тэр мөнгөнөөс нэг ч төгрөг өгөлгүйгээр бүгдийг нь улсын орлого болгочихсоныг тус яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайхан хэлсэн. “Одоо ч худлаа болсон байх аа” гэж тэрбээр халаглана лээ.
Засгийн газрын Х байрыг 1958 онд барьсан. Анх Гэгээрлийн яам энд байрлаж байсан юм билээ. 44 метр урт, 12 метр өргөн, конторын зориулалттай гурван давхар эл барилга нийт 1584 ам метр талбайтай.
40 хүний суудалтай хурлын танхим, архив, уулзалтын, ажлын зэрэг 54 өрөө, тасалгаатай. Эмнэлэг оруулах гэхээр эвдэрхий хэмхэрхий гээд байсан өнөө барилга нь зарагдаад ХААН банкны албан контор болсон байна. Ямар зориулалтаар ашиглах нь тэдний эрх.
Засвар хийгээд өнгө, зүсийг нь өөд татаж, хачин сайхан болгосон байна лээ. Энэ барилгыг анх дуудлагаар худалдахдаа “Ашиглалтын хугацаа хэвийн, барилгын гадна болон дотор талд цуурсан, гажсан, эвдэрсэн зүйлгүй, ашиглах боломжтой.
Барилгын суурийг шохойн зуурмагаар барьцалдуулан, байгалийн чулуугаар өрж, цутгасан. 64 см зузаан тоосгон ханатай, давхар хоорондын хучилтыг нь модоор хийсэн, үнс, шавар, эрдэс, хөвөн, үртэс зэргийг хольсон 10-12 см зузаан дулаалгатай” гэхчилэн магтсаныг бодоход түүнээс сайн барилга байхгүй байсан юмдаг. Ингэж увайгүйтэх байсан юм бол эмнэлэг болгочихгүй яав даа.
6.7 тэрбум төгрөгөөр хаана, хэзээ, ямар эмнэлэг барих бол оо гэж нүдээ ширгэтэл хүлээсэн хөөрхий аав ээжүүдийг бодож болсонгүй юү.
“Хүүхдийн эмнэлгийн тоог нэмэгдүүлж, тусламж, үйлчилгээг сайжруулахад энэ мөнгийг зарцуулна” гэж хэлсэн эрх баригчдын үг одоо ч Улаанбаатарын байшин барилга бүрийн хананд дамжин цуурайтсаар байна.
О.Бат-Ундрах