Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдсонтой холбоотойгоор ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, хурандаа Ш.Энхбат сайн дураараа ажлаа өгсөн.
Түүний оронд АДХЦ-ийн командлагчийн албан тушаалын төлөө хэд хэдэн хүн өрсөлдөхөөр болж байгаа гэнэ. Энэ талаар ЗХЖШ-ын эх сурвалж “АДХЦ-ийн командлагч ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа хүлээн авсан. Одоогоор оронд нь хэн нэгнийг томилоогүй.
Нисдэг тэрэгний ослын дүгнэлтийг ЗХЖШ-ын даргын зөвлөлөөр хэлэлцсэний дараа томилгоо хийх байх. Гэхдээ уг албан тушаалд ажиллах сонирхолтой есөн хүн байгаа юм билээ” гэж мэдээлэв.
АДХЦ-ийн командлагч болох магадлалтай хүний нэг нь ОХУ-д суугаа манай ЭСЯ-ны батлан хамгаалахын атташегаар ажиллаж байгаад өнгөрсөн жил эх орондоо ирсэн, өдгөө Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэлд ажиллаж буй хурандаа Энхбаяр гэнэ.
Тэрбээр энэ салбарын мэргэжлийн хүн аж. Мөн тус командлалын хэлтсийн даргаар ажилладаг, гавьяат нисгэгч Дашаахүүгийн нэр ч дуулдаж буй. АДХЦ-ийн командлалын штабын даргаар ажиллаж байсан, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн захирагч асан, хурандаа Н.Энхбатыг ч командлагч болох магадлалтай хүний тоонд оруулж буй юм байна.
Тэднээс гадна ҮАБЗ-ийн референт Болдбаатар гэх зэрэг хүмүүс яригдаж буй аж. Харин өрсөлдөж буй хүмүүсээс хэнийг томилох нь ЗХЖШ-ын удирдлагын эрх мэдлийн асуудал.
Дашрамд дурдахад, дээрх нисдэг тэрэгний ослын дүгнэлт хараахан гараагүй байгаа бөгөөд өнгөрсөн лхагва гаригт гэхэд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн алба хаагчдаас цагдаагийнхан болон шинжээчид тайлбар, мэдүүлэг авахаар дуудаж уулзаад, удахгүй шийдэгдэнэ гэдгийг хэлсэн гэнэ.
Г.РАВЖАА