Чингэлтэй дүүргийн III хороо, II 40 мянгатын 13 дугаар байран дахь уушийн газар
Нийслэлд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг тусгай зөвшөөрөл бүхий цэнгээний газрууд өнгөрсөн долдугаар сарын 9-нөөс 04.00 цаг хүртэл ажилладаг болсон. Үүнээс болж иргэдийн тав тухтай, аюулгүй амьдрах нөхцөлийг алдагдуулж буй гэдэгтэй олон хүн санал нийлэх биз.
Эдгээр баар, цэнгээний газрын олонхын тусгай зөвшөөрөл нь дууссан байдаг гэнэ. Цагдаагийн байгууллагаас тусгай зөвшөөрлөө шалгуулах шаардлага тавихад “Хугацаа нь дууссан тул сунгуулахаар өгсөн” гэх хариулт өгч байна.
Хугацаа нь дууссан гэдэг нь зөвшөөрөлгүй гэдэгтэй агаар нэг биш гэж үү. Учир нь тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулна гээд хуульчилсан. Эдгээр цэнгээний газрын удирдлагууд тусгай зөвшөөрлийнхөө хугацааг хэзээ дуусахыг мэдсээр байж заавал дууссаных нь дараа сунгуулахаар өгдөг нь хачирхалтай.
Хугацаа нь дууссан зөвшөөрлийг холбогдох байгууллага тодорхой шаардлага хангасных нь үндсэн дээр 14 хоногт багтаан сунгаж өгөх ёстой аж. Зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулахаар өгсөн байгууллага, аж ахуйн нэгжийн хүсэлтийг биелүүлэхээр хууль ёсны шаардлага тавихад очдоггүй, тоодоггүй гэнэ.
Наад захын Галын аюулгүй байдлыг хангасан гэх дүгнэлтээ аваад ир гэхэд авчирч өгдөггүй. Тэгээд хуулийн хугацаанд багтаан ажлаа хийдэггүй гэж бидэнтэй хэл ам хийдэг хэмээн холбогдох албаны хүмүүс хэлж байна.
Хамгийн олон цэнгээний газар нэг дор үйл ажиллагаа явуулж буй хэсэг бол нийслэлийн Баянзүрх дүүргийн VII хороо аж. Өөрөөр хэлбэл, сансрын “Баянцээл” худалдааны төв орчмын хэсэг. Энд 30 гаруй баар, караоке үйл ажиллагаа явуулж буй. Тэгсэн хэрнээ ердөө 7000 оршин суугчтай.
Тэдгээр оршин суугчтай амар тайван амьдралын талаар ярих ч хэрэггүй. Хорооны Засаг дарга нь “Бид энэ олон уушийн газрыг цэгцлэхээр байнга тэмцдэг ч үр дүнд хүрдэггүй. Дүүргийн Засаг дарга хүртэл “Миний чадах ажил биш байна. Нийслэлийн удирдлагуудад хандсан нь дээр” гэсэн.
Энэ хавийн хулгай, дээрэм, танхайн хэрэг дийлдэхээ байлаа” гэж нэг тайлангийн хурал дээр ярьж байв. Мөн тус дүүргийн иргэн энэ хавийн цэнгээний газруудын талаар “Тэндхийн газруудад нийгмийн бүхий л муу муухай бүхэн өрнөж байна.
Над шиг настай хүнийг тэр баарнуудын хажуугаар явахад л татаж, чангаагаад манайхаар үйлчлүүл гэнэ. Бас болоогүй, “Яг танд тохирох нас тогтсон эмэгтэй олоод өгье” ч гэж байх шиг.
Тэдний хүсэлтийн дагуу дуудлагаар ирж, үйлчлүүлэгчидтэй нь хамт архи ууж, орлогыг нь нэмэгдүүлдэг хүмүүс байдаг юм шиг байна лээ” гэж ярьж байв. Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст зөвхөн дээрх хороонд нэг шөнө 24 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүний зургаа нь гэмт хэргийн шинжтэй, 10 нь согтуу хүн агсам тавьж буй тухай дуудлага байсан аж. Энэ бол өнгөрсөн лхагва гаригаас пүрэв гаригт шилжих шөнө бүртгэгдсэн тоо. Амралтын өдрүүд болон баяр ёслолын үеэр энэ тоо эрс өсдөг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж буй.
Зөвшөөрөлгүй эсвэл сунгуулахаар өгсөн гэх хүмүүст Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль тавьж, хууль бусаар олсон орлого болон худалдан борлуулж байсан эд зүйлийг нь улсын орлого болгох зэрэг шат дараалсан арга хэмжээ авах ёстой аж.
ОРОН СУУЦНЫ НЭГДҮГЭЭР ДАВХАРТ УУШИЙН ГАЗАР
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг газрын тусгай зөвшөөрлийг тухайн хэсгийн хүн амын тоонд үндэслэн гаргах тухай асуудал хоёр жилийн өмнө яригдаж байв. Гэтэл өнөөдөр байрны өргөтгөл, орон сууцны хороолол, хотхон дунд баар, караоке үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Орон сууцны тухай хууль болон нийслэлийн ИТХ-ын 198 дугаар тогтоолд “Орон сууцны нэг болон зоорийн давхарт үйлдвэр үйлчилгээ, караоке ажиллуулахыг хориглосон байдаг.
Гэвч уг тогтоолын хэрэгжилт хангалтгүй. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Улаанбаатар хотод 4000 гаруй аж ахуйн нэгж согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй байдаг аж.
Дээрх байгууллагууд хоёр жил тутамд тусгай зөвшөөрлөө сунгуулдаг аж. Ингэхдээ үйл ажиллагаа явуулах зөвшөөрөгдсөн байр, тоног төхөөрөмж, дуу тусгаарлагч хана зэрэг нь шаардлага хангаж буйг үндэслэн зөвшөөрөл олгодог аж.
Өмнө нь баар, ресторан, караоке шөнийн 00.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулдаг байсан ч нийслэлийн Засаг даргын захирамжаар 04.00 цаг хүртэл ажиллах зөвшөөрөл энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдэд олгосон.
Ингэхдээ сар бүрийн 1-нд дээрх газрууд ажиллахыг хориглосон билээ. Гэвч энэ шийдвэр нь хавтгайрсан архидалт, танхайн хэргийн өсөлтийн шалтгаан болж буй гэнэ. Тодруулбал, нэгэн таксины жолооч Н (өөрийнх нь хүсэлтээр нэрийг нь нууцлав) “Сар бүрийн 1-нд баар, караоке ажилладаггүй гэдэг худлаа.
Хаалгаа дотроосоо түгжчихээд үйлчлүүлэгч авдаг газар зөндөө. Тухайлбал, Хүүхдийн урлан бүтээх төвийн урд нэг караоке бий. Үүнээс гадна Ардын эрхийн дэргэдэх “Хороскоп”, “Ард” кино театр, СУИС-ийн дэргэд байдаг уушийн газар гээд олон байгууллага бий.
Энэ газруудыг таксины жолооч нар анддаггүй” гэсэн юм. Мөн орон сууцанд үйл ажиллагаа явуулж буй уушийн газрууд оршин суугчдын тав тухыг алдагдуулдаг талаар иргэд ярьсан юм.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэн Г.Зоригсайхан “Манайх Бөхийн өргөөний дэргэдэх дөрөвдүгээр байранд олон жил амьдарч байна. Манай байрны нэгдүгээр давхрын өргөтгөлүүдэд эмийн сан, уушийн газар, ломбард, бэлэн хувцасны дэлгүүр гээд олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуудлаг.
Манайх нэгдүгээр давхарт, тэр тусмаа уушийн газартай зэргэлдээ шахуу хаалганд байдаг учир амгалан хонодог шөнө ховор. Хөлчүү хүмүүс цонхон дор маргалдаж, шуугилдана, зодолдоно. Бүр онгорхой цонхон дор тамхи татаад унтуулахгүй тохиолдол олон бий.
Ер нь орон сууцны байранд уушийн газар ажиллуулах зөвшөөрөл өгөх нь зохистой шийдвэр бус” гэж ярилаа. Мөн тус дүүргийн 15 дугаар хорооны нэгэн байрны жижүүр Цэнгэлмаа “Би энэ хорооны хэд хэдэн байрны цэвэрлэгээг хариуцдаг. Хорооны байрны дэргэд шахуу буудал, караоке ажиллах нь бий.
Эдгээр үйлчилгээний газрууд өвөл, зунгүй тогтмол үйл ажиллагаа явуулдаг болохоор тухайн хэсэг нь их бохир байдаг. Оршин суугчид энэ талаарх гомдлоо надад байнга хэлдэг.
Би эрх мэдэлтэй хүн биш болохоор СӨХ-ндоо л хэлдэг юм. СӨХ-ны ажилчид орж уулзахаар “Бид зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна” гэх хариу өгдөг гэсэн. Зөвхөн манай хороонд гэлтгүй ийм асуудал нийслэл даяар бий.
Гомдол бүрийг дээд шатны байгууллага анхаардаг бол энэ асуудал хэдийнэ шийдэгдчих байлаа” гэв.
Улаанбаатар хотод 1.3 сая хүн амьдардаг гэсэн статистик бий. Үүний 770 орчим мянга нь 0-18 насны хүүхэд. Тэдэнд согтууруулах ундаагаар үйлчлэх ёсгүй. Тэгэхээр нэг согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагад 132 хүн ногдож буй юм.
Гэхдээ үүнээс ахмадууд болон согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй хүмүүсийг хасахад ямар дүн гарахыг уншигч та тунгаана биз ээ. (Нийслэл хотын хэмжээнд 4000 гаруй баар, караоке, уушийн газар байдаг тухай дээр дурдсан)
Тэгвэл энэ сарын 1-нээс шинэчлэн баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам хэрэгжиж эхэлсэн.
Энэ журмыг нийслэлийн оршин суугчид “Зөвшөөрөл хавтгайруулан олгох зорилготой журам” хэмээн нэрлэжээ.
Журамд “Хүсэлт гаргагч нь шинээр үйл ажиллагаа эхлэхээс өмнө нэг цэгийн үйлчилгээний Хүнс худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээс мэргэжлийн зөвлөгөө авсан байна, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тохижилт хийгдсэн, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Хотын албан татвар суутгагчаар бүртгүүлсэн, тухайн дүүргийн харьяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлээгүй болон суутгасан татварын тооцоо хийгдээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгоно” гэсэн заалтуудыг нэмж оруулжээ.
Харин журмыг хориглох зүйлд нийтийн зориулалттай орон сууцанд “Орон сууцны тухай хуулийн 15.1, 17.1.7-д заасны дагуу орон сууцны үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглоно гэсэн бол тусгай зөвшөөрөлтэй газруудад тавигдах шаардлагын дагуу Мэргэжлийн хяналт болон цагдаа, онцгой, татварын байгууллагууд чиглэлийн болон төлөвлөгөөт шалгалтыг хийж хяналт тавьж ажиллана” гэжээ.
О.НАРАНТУЯА: СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ӨЧИГДРӨӨС СУНГАЖ ЭХЭЛСЭН
Ингээд шинэ журмаар зөвшөөрөлгүй болон орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж, согтууруулах ундаагаар үйлчилж буй аж ахуйн нэгжүүдийг хэрхэх талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас тодрууллаа.
-Шинэ журмаар согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл аж ахуйн нэгжүүдэд нэмж олгох уу?
-Олгоно. Ер нь бид олон жилийн турш иргэдийн бизнесийг хаадаг асуудлыг зогсоохыг зорьж байгаа. Тухайн аж ахуйн нэгжүүд зөрчил, дутагдал гаргахгүй үйл ажиллагаа явуулж байвал эрхийг нь өгье гэсэн үг.
Өмнө нь аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл авах гэж гурван сар орчим хөөцөлддөг байсан бол өнөөдрөөс (өчигдөр) нэг цэгийн үйлчилгээгээр 15 минутын дотор олгож эхэлсэн.
-Зарим аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөлгүй атлаа үйл ажиллагаа явуулж буй зөрчил илэрдэг. Энэ ямар учиртай юм бэ?
-Тогтмол үйл ажиллагаа явуулж байсан, хөрөнгөө зарж тохижилт хийсэн газруудыг хааж, боох нь буруу. Тэр газрууд зөвшөөрөлтэй. Түүнийг нь сунгаагүй л байсан. Дүүргийн Засаг дарга нар захирамж гарган, сургалт хийж өгөөгүй байсан.
Гэхдээ өнөөдөр (өчигдөр) нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын ерөнхий менежер “Үйл ажиллагаа явуулах эрхийг нь сунга” гэсэн. Үүний дагуу тусгай зөвшөөрлийг нь сунгаж эхэллээ.
-Тэгвэл орон сууцны нэгдүгээр давхарт согтууруулах ундаагаар үйлчлэх аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн тогтоол байдаг юм билээ. Гэтэл өнөөдөр ч уг тогтоол хэрэгжихгүй байна?
-Үйлчлүүлэхгүй гэсэн хориг байхгүй. Орон сууцны байранд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж оршин суугчдаас нь гомдол гаргаагүй бол үйл ажиллагаа явуулж болно.
А.СҮЛД, Г.ЦЭЦЭГ