Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Өргөдлийн байнгын хорооны даргаар Ж.Батзандан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар М.Сономпилийг сонголоо.
Энэ үеэр гишүүн Ц.Нямдорж, Н.Батцэрэг нар тус Өргөдлийн байнгын хорооны эрх, үүргийг эргэн харж, тодорхой болгох, өөрийн эрх мэдэлд үл хамаарах асуудалд хутгалдалгүй ажиллахыг сануулсан.
Энэ өдрийн хуралдаанаар Иргэний болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох эрх зүйн орчин бүрдүүллээ.
Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар тус төслийг хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд Байнгын хорооноос анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргав.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд дараах байр суурь илэрхийлж, төсөл санаачлагчдаас асуултдаа хариулт авсан. Тухайлбал,
Гишүүн О.Баасанхүү: -Мөнгө төлсөн хүн хөгжмөө захиалдаг гэдэг шиг банкууд зээлдэгч нарыг маш хүнд байдалд оруулдаг. Ер нь байр зээлээр авсан хүн, банк хоёрын аль нь өмчлөгч гэдэг нь ойлгомжгүй байсаар ийм байдалд хүрсэн.
Д.Ганбат гишүүн ээ, би танаас мөнгө зээлж байшин худалдаж авлаа гэж бодъё. Зээлээ яаж төлөх нь миний эрх. Өмчийнх нь эрхэнд халдаад байгаа юм биш үү.
Үндсэн хуулийн цэц зөв шийдвэр гаргасан. Банкууд зээлээ өгөөд явах боломжтой. Хуульд өөрчлөлт оруулах шалтгаан нь юу байв.
Төсөл санаачлагч, гишүүн Д.Ганбат: -Иргэн өмчтэй болох гэж байна. Зээлийн ард банк биш, хадгаламж эзэмшигчид бий. Банк зуучлагчийн үүрэг л гүйцэтгэдэг. Иргэн өмчтэй байж л санхүүгийн харилцаанд орох боломжтой.
2013 оноос найман хувийн хүүтэй зээл олгосноор олон айл орон сууцанд орсон. Барьцаа нь эрсдэл үүсгэж буй учраас Цэц шийдвэрээ зээлд нөлөөлөхгүй гэж байгаа ч амьдралд бодитой нөлөөлсөн.
Үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлэх, эсэхээ иргэн банкнаас асуухгүйгээр шийдэж болно. Тэтгэврийн нөөц сангийн хууль батлагдвал даатгуулагчийнх болно.
Хадгаламж эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалахгүй, энэ хэвээр үлдээвэл 2-3 хоногийн дотор иргэд мөнгөө татан авах нөхцөл үүсэхээр буй.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат: -Барьцаа бол зээлийг буцаан төлүүлэхэд нөлөөлөх гол хүчин зүйл.
Гишүүн Х.Тэмүүжин: -Үндсэн хуульд иргэн үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрхтэй гэж заасан. Нэг талаас үүнийг тухайн хүний өмч гэж хэлж болохгүй. Үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьж орон сууцтай болж байгаа.
Гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байж өмч хөрөнгө нь иргэнд шударгаар шилжиж буй. Ийм л хоёр талтай харилцаа юм. Эдийн засагт суурилж, ипотекийн зээлийн дараа дараагийн асуудлууд гарч ирнэ.
Иргэд зээлийн хүүнд дарлуулж байгаа нь манай банк, санхүүгийн тогтолцоо, зээл, хүүгийн бодлоготой холбоотой. Үүнийг зохицуулна гээд ипотекийн зээлийг унагаж болохгүй. Хүү ямар байх нь тусдаа асуудал.
Тийм ч учраас найман хувийн хүүг тав болгоё гэж байна. Энэ хуулийг батлах нь ипотекийн зээлийг үргэлжлүүлэхэд маш чухал. О.Баасанхүү гишүүн та мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Үндсэн хуулиа унш.
УИХ-ын дарга З.Энхболд: -Мөнгөө төлж дуусаж байж л өмчлөгч болдог.
Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ: -Маргах асуудал биш. Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор арилжааны банкууд зээлээ зогсоосныг яаж үргэлжлүүлэх вэ гэсэн гарц хайж ийм гаргалгаанд хүрсэн. Банкуудын хувьд барьцаа нь хөдөлгөөнд орох нөхцөл бүрдчихээр ипотекийн зээлийг яаж өгөх вэ дээ.
Гишүүн Д.Ганхуяг: -Зээл төлөх хугацаа нь урт байгаа учраас зөвхөн нэг талын эрх ашгийг хангаж таарахгүй. Энэ хуулийг баталснаар хөнгөлөлттэй зээл үргэлжлэх боломжтой юу.
Моргэйжийн зээлийн хүү олон улсад дунджаар жилийн хоёр хувьд ч хүрдэггүй. Одоо яриад буй таван хувиас бууруулах боломжтой, эсэх талаар талууд саналаа хэлнэ үү.
Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон: -Банкууд найман хувийн ипотекийн зээлийн тухай яриагүй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүх зээлд одоо үүсээд буй асуудал хамаатай. Барьцаа хаана явж буйд хяналт тавихгүйгээр банк хөрөнгийнхөө бүрэн бүтэн байдлыг хангаж чадахгүй.
Энэ хууль батлагдчихвал банкууд зээл олгоход асуудалгүй. Шийдвэр нь гарчихсан 70 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл бэлэн. Ипотекийн зээлийн хүү бага байх тусмаа банкуудад сайн.
10, 20 жилийн хугацаатай эх үүсвэр байдаггүй учраас арилжааны банкууд нь Монголбанкны санхүүжилтийг ашиглаж, энэ үйл ажиллагааг 2013 оноос эхлэн явуулж байна.
Гишүүн С.Ганбаатар: -Цэц иргэдийн төлөө шийдвэр гаргасан. Цэц рүү ямар их дайрч байна вэ. Цэцийн дээр АН-ынхан гарчихсан юм байна. Зээлдэгч, зээлдүүлэгч хоёрт ижил тэгш эрх байдаггүй.
Ийм байхад төрөөс зохицуулалт хийж, өмч хөрөнгөө хямд үнээр алдахгүй байх эрхийг хангаж өгөх ёстой. Түрээслэх, хөлслөхөд барьцаа ямар ч хамаагүй. Банкуудын хөлсний бууны нохой болчихож. Банкуудаа одоо ломбард гэж нэрлэцгээ.
Гишүүн Г.Уянга: -Ипотекийн найман хувийн зээлд хамрагдахад хүүтэй нь хамт үндсэн төлбөр хасагдах ёстой. Гэтэл ийм биш байгааг иргэд шүүмжилдэг. Зээлээ төлж чадахгүй болсон нөхцөлд өмчлөгч нь яагаад орон сууцаа зарж болдоггүй юм бэ. Цалин, зээлийн хүүнд ямар ч уялдаа алга.
Өмчөө зарж, борлуулах эрхийг өмчлөгчид өгөх нь зөв. Бүх үл хөдлөх хөрөнгийг банк эзэмшиж, худалдан борлуулах давуу эрх эдэлж байгаа нь буруу.
Гишүүн Н.Батбаяр: -Ипотекийн зээл олон нийтэд хүрсэн. Харин Цэц Ц.Нямдоржийн хүсэлтээр хүчингүй болгосноо зарласан. Энэ зээлийг зогсоохгүй бол АН өндөр санал авчихна гэх байдлаар хандсанд харамсаж байна.
Гишүүн Я.Содбаатар: -Иргэдээ орон сууцаар хангах нь төрийн бодлого. Үе үеийн Засгийн газар үүнийг хийж ирсэн. Үр дүнд хүрэх гээд хуулийг гишгэж болохгүй. Хэн нэгэн рүү дайрах зүйл биш. Цэц шийдвэрээ гаргасан.
Одоо УИХ тодорхой шийдвэр гаргахаар ажиллаж байна. Үүнийг буруу хийвэл эдийн засгийн хохиролтой. АН үүнийг шийдэхдээ 1300 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханшийг 2000 болгосон.
Одоо наймаа тав болгох бол зөрүүг нь хаанаас гаргах вэ. АН-ын дотоод зөрчил найман хувийн хүүтэй зээлийг хоёр сар хаахад хүргэсэн.
Гишүүн Д.Хаянхярваа: -Банк, санхүүгийн байгууллагуудтай ярилцаж үр дагаврыг нь судлах шаардлагатай. Ардын намынхны захиалгаар Цэц шийдвэр гаргаж, ипотекийн зээлийг зогсоосон гэж байгаа нь гүтгэлэг.
З.Энхболд: -Банк эрсдэлээ л тооцно. Одоо 18 мянган байр эзнээ хүлээж байна. Хууль батлагдангуут зээл хүссэн иргэд байртай болно. МАН-ын зохиосон ипотекийн зээлээр 400-хан айл орон сууцтай болсон. АН-ынхаар 76 мянган иргэн орон сууцтай болсон. Ялгаа бий шүү.
Б.НОМИН