УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн тавьсан асуултын агуулга нь хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой төсвийн тодотголыг хэдийд оруулж ирэх, эх үүсвэрийг хаанаас олох, Хүний хөгжил сангийн орлого, зарлага нь ямар байгаа, тус сангаас хүүхдийн мөнгө олгоход бэлэн эсэх, хэдийд олгох, амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа хийсний үр дүн, ач холбогдол юунд байв, төсөв хэлэлцэх үеэр хүүхдийн мөнгийн асуудлыг яагаад тооцож суулгаагүй, тэнэмэл гэх хүүхдийн бүртгэл судалгаанд хэдэн хүүхэд хамрагдсан байгаа, тэдэнд хүүхдийн мөнгө хэрхэн, яаж өгөх, амьжиргааны түвшний ангиллыг хэрхэн яаж тогтоосон, ангиллын гол үзүүлэлтүүд нь юу байв, хүүхдийн мөнгөний асуудлаар нэг мөр ойлголттой болох зэрэг асуудалтай холбоотой байв.
Энэ үеэр Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, “Хүүхдийн мөнгийг тогтвортой, ямар нэг чирэгдэлгүй олгож ирсэн бөгөөд цаашид хүүхдийн мөнгө хуулиар тогтоосон хугацаанд хэвийн олгогдоно гэдгийг онцлон тэмдэглэв.
Одоогийн байгаа төсвөөр бол ирэх 8 дугаар сар хүртэл хүүхдийн мөнгийг олгох боломжтой.
Хүүхдийн мөнгөний эх үүсвэр дутвал тодотголоор шийдэх асуудлыг зохицуулсан зохицуулалт бэлэн бий. Тодруулбал, УИХ-аас баталсан 2015 оны 103 дугаар тогтоолд хүүхдийн мөнгөний эх үүсвэр дутвал тодотголоор зохицуулахыг Ерөнхий сайдад даалгасан заалт тусгасан байдаг.
Өнгөрсөн жилийн хувьд хүүхдийн мөнгийг сар бүр хугацаанд нь олгож ирсэн. Энэ онд ч хүүхдийн мөнгийг бүрэн олгоно. Тогтоолын төсөл батлагдвал тогтоосон хугацаанд хүүхдийн мөнгийг хэвийн олгоод явна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сарын мөнгийг удахгүй олгох гэж байна.
Өрхийн амьжиргааны түвшингээ тодорхойлуулсан 1-20 дугаар бүлгийн айл өрхүүд ямар нэг нэмэлт бүртгэл судалгаанд хамрагдалгүй хүүхдийн мөнгөө авах бололцоотой. Судалгаанд хамрагдаагүй өрхүүд судалгаанд хамрагдаж байж хүүхдийн мөнгөө авна" гэлээ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 57 нь буюу 90.5 хувь нь дэмжсэнээр уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.