Сирийн Мадая хотын 42 мянга гаруй оршин суугчид бүслэлтийн улмаас өлсгөлөнд нэрвэгдэж, дайны байдалтай байгаа билээ. Энэ явдалд Сирийн засгийн газар буруутай гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун үзэж байна.
Тэрээр хэлэхдээ "Өлсгөлөнг дайны зэвсэг болгон ашиглах нь гэм хэрэг юм. Сирийн засгийн газар улсынхаа иргэдийг хамгаалах үүрэгтэй атал иргэд өлсөж, амиа алдаж байна. Энэ нь олон улсын хүмүүнлэгийн хуулийг ноцтой зөрчиж байгаа аймшигт хэрэг юм" гэжээ.
Түүнчлэн өлсгөлөнд нэрвэгдэж буй газруудад тусламж очих гэж удаан хугацаа саатаж байгаа бөгөөд бүслэлтэд байгаа газруудруу тусламжийг саадгүй хүргэх тал дээр НҮБ-ын байгууллагууд болон Сирийн мөргөлдөгч талуудад уриалав. Мөн Сирийн засгийн газарт иргэдээ анхаарч, аюулгүй байдлыг нь хангах тал дээр анхаарал тавихыг хүслээ.
Сири улсад бүслэлтэд орсон нийт 400 мянга орчим хүн байгаа бөгөөд тэдний тал хувь нь "Исламын бүлэг"-ийн хяналтад байгаа гэнэ.