Өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Син Хаймин Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болдыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болд Тус улсаас Монгол Улсад оршин сууж буй иргэдэд холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, бүртгэл, хяналтыг сайжруулах мөн манай улсын уригч байгууллага, аж ахуйн нэгжийн буруугаас хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эрх зөрчигдөж буй эсэхэд анхаарал тавьж ажиллана хэмээн онцлов.
Энэхүү уулзалтын үеэр талууд хилийн боомтууд дээрх иргэдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулахад хэрхэн анхаарч ажиллах талаар санал солилцлоо.
Дашрамд дурдахад, Хятад улсаас манай улсад гэр бүлийн шалтгаанаар болон цагаачла, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, суралцахаар оршин сууж буй иргэдийн тоо бусад орнуудаас их байдаг бөгөөд тус улсаас одоогийн байдлаар 8500 гаруй иргэн Монголд оршин сууж байгаа. Үүнээс 3200 иргэн хөдөлмөр эрхэлж байна.