Өнгөрсөн баасан гаригт алан хядагчид Буркино-Фасо улсад зочид буудал барьцаалсан хэрэг гарсан билээ. Тус улсын нийслэл Уагадугу хотын төвд байрлах жуулчид төлөөлөгчдийн байрладаг "Splendid" зочид буудлыг барьцаалан нэгдүгээр давхрыг дэлбэлж гал тавьсан байна. Зочид буудалруу халдахаасаа өмнө ойролцоох хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг дэлбэлэн, галт зэвсэг хэрэглэсэн байна.
Халдлагын хариуцлагыг Сахел, Сахарын бүс нутагт алан хядах үйл ажиллагаа явуулдаг "Исламын шашинт Магрибын орнууд дахь Аль-Кайда бүлэг"хүлээхээ мэдэгдсэн байна.
Зочид буудлыг террористуудаас чөлөөлсөн бөгөөд одоогийн байдлаар Канад, Украин, Нидерланд, Швейцар, Франц, АНУ зэрэг 18 орны 29 хүн амь насаа алдаад байна. Мөн нийтдээ 30 гаруй хүн хүндээс шархдаж эмнэлэгт хүргэгдээд байна.