Холливудын алдарт жүжигчин Николас Кэйж гэртээ хадгалж байсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад буцаан өгөх нь.
Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг АНУ-аас Монгол Улсад буцаан олгохтой холбоотойгоор “Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын газар хооронд гэрээ байгуулахаар болсон гэнэ.
Саяхан даа, хэдхэн хоногийн өмнө дэлхийн ч, манай ч өдөр тутмын зарим хэвлэлд дээрх мэдээлэл гарч байв. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2012 оны тавдугаар сард АНУ-ын “Heritage auctions”-ын дуудлага худалдаагаар 70 сая жилийн тэртээ амьдарч байсан 2.4 метр өндөр, 7.2 метр урт үлэг гүрвэлийн чулуужсан ясыг 875 мянган ам.доллараас эхлэн үнэ хаялцуулан худалдах гэж байсныг тус улсад амьдардаг палеонтологич М.Болорцэцэг мэдэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал бичиж байсан түүхтэй.
Ерөнхийлөгч маань иргэнийхээ хувиар далайн чанад дахь орны хууль хяналтын байгууллагад хандан өргөдөл гаргасан, түүний дараа уг чулуужсан олдвор Монголынх болох нь батлагдаж, эх оронд нь авчраад байгаа билээ.
Гэвч баатар Т.Батаарыг хэрхэн хил давуулж, хэн хэн оролцож байсан гэх хэргийг өнөөдөр хүртэл шийдвэрлээгүй л байна.
Магадгүй энэ олдворыг эх оронд нь буцааж авчирсан гавьяагаар хэн нэгэн, аль нэг нам улс төрийн хүчин сонгуулийн шоу хийхээр төлөвлөж байгаа ч юм бил үү. Тиймээс бид сураг алдарсан энэ хэргийн мөрөөр нэхэн сурвалжиллаа.
ОЛОН УЛСЫН МАФИЙН СҮЛЖЭЭТЭЙ
МОНГОЛЫН ЦАГДАА ТЭМЦЭЖ ЯЛАВ
Т.Батаарыг Монгол Улсын өмч болохыг батлахын тулд цагдаагийн байгууллага голлон анхаарч ажилласан түүхтэй. Тираннозаврын чулуужсан ясыг эзэмшиж байсан Эрик Прокопи гэх эр Монголынх биш хэмээн шүүх, прокурорын байгууллагад мэдэгдэж, Монгол Улс гэж хаана байдгийг мэдэхгүй, очиж үзээгүй гэсэн утгатай зүйл ярьж улайм цайм мэлзэж байв.
Тиймээс Монголын цагдаагийн байгууллага түүний эсрэг нотлох баримт бүрдүүлэхээр ажилласан. Тухайн үеийн ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Чингис, Мөрдөн байцаах газар (МБГ)-ын дарга Ц.Батсүх, ЭЦГ-ын дарга Ц.Ууганбаяр, тус газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Ж.Буянбат, МБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Х.Доржсүрэн зэрэг хүмүүсийн удирдлага, үүрэг чиглэл, зааварчилгааны дагуу ЭЦГ, МБГ-ын ажилтнууд шаргуу ажилласан.
Ингэж ажиллахдаа олон улс дамжсан зохион байгуулалттай бүлэглэлийн сүлжээг (мафи) илрүүлж, Монголын цагдаагийн ур чадвар, чадавхыг олон улсад харуулсан гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу.
Дэлхийн хэмжээний том, хууль бус сүлжээг талын жижигхэн Монголын цагдаагийн ажилтнууд илрүүлэн нурааж чадсан нь монгол хүний чадавх ямар өндрийг илтгэж буй биз ээ.
Мафи гэж чухам хэнийг хэлэх вэ. Хууль бус замаар ашиг олох зорилгоор нэгдсэн улс дамнан байгуулагдсан хүмүүсийн нэгдэл гэж зарим орны хуульчид тодорхойлдог юм билээ. Манай хууль эрх зүйн зарим багш нар ч бас ингэж тодорхойлж байсан.
Тэдний тодорхойлсон мафи буюу үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн сүлжээгээр Тарбозавр батаар хил дамжсан нь тодорхой болсон юм.
Далайн чанадад хэн нэгэн захиалагч, оффисийн өрөөндөө сууж навчин тамхи баагиулан, утсаар, цахим захидлаар бусадтай харилцана. Нийлүүлэгч эр утсаар ярьсныг нь, цахим шуудангаар үүрэг болгосныг нь хүлээн аваад харилцагч нөхдөдөө уламжилна.
Нөхөд нь мөн л цахим захидлаар дамжуулсаар Төв Азийн дундах, үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан, талын Монголын иргэнтэй холбогдсон нь тэдэнд бараа нийлүүлэгч, өдгөө бидний дунд байхгүй болсон Т байв.
Зах зээлийн шуурга Монгол орныг дайрсан 1990-ээд оны эхэн үед Т өдгөөгийн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн оршин буй газрыг эзэмшиж, тэндээ Палеонтологийн хувийн музей байгуулна хэмээн зураг төслөө гарган өөдрөг сайхан мөрөөдөлтэй байж. Түүндээ зориулсан чулуужсан олдвор цуглуулж эхэлсэн гэдэг.
Гэвч нэг л өдөр газрыг нь төр засаг эрх мэдлээрээ далайлган буцааж авснаар зорьсондоо хүрч чадсангүй. Ингээд хэвлэлээс “арилжааны палеонтологич” гэх үлэг гүрвэлийн чулуужсан ясаар бизнес хийгч сүлжээ байдгийг мэдэж авч, тэдэнтэй харилцаж эхэлжээ.
Ингээд хэдэн сая ам.доллар эргэлдэж байдаг наймаанд оролцох болов. Гадаад улс руу ч их аялж, олон улсад болдог “Минералный аукцион” гэх эрдэс чулуулгын наймаанд оролцож эхэлсэн байна.
Ингэж явахдаа монголчуудын эчнээ танил болсон батаарын наймаачин АНУ-ын иргэн Эрик Прокопи, Английн иргэн Крис Мүүри, Японд амьдардаг Холлис Баттс, БНСУ дахь хамтрагч Яан зэрэг хүмүүстэй холбоо тогтоож, улмаар үлэг гүрвэлийн чулуужсан яс нийлүүлэгч нь болж хувирсан байна.
Түүгээр зогсохгүй “Минералный аукцион”-ы дараа нууц байдлаар зохион байгуулагддаг хэдхэн оролцогчтой дуудлага худалдаагаар динозаврын чулуужсан ясаа наймаалах ажилд оролцох болжээ.
Энэ бүхэн бол Т.Батаарыг эх оронд нь буцааж авахын тулд цагдаагийн байгууллагын ажилтнуудын олж цуглуулсан мэдээлэл. Эдгээр мэдээлэлдээ үндэслэн нотлох баримт цуглуулах ажлаа мөрдөгч, эрүүгийн төлөөлөгч нар хийж эхэлсэн аж.
БАТААРЫГ ОЛОХОД АМЕРИК, АНГЛИ ТҮНШҮҮД
БИЕЧЛЭН ОРОЛЦЖЭЭ
Эрик Прокопи нэгэнтээ “Би Монголд очиж байгаагүй” хэмээн мэлзсэнийг няцаах баримтыг манай цагдаагийнхан л олж, АНУ-ын талд хүлээлгэн өгсөн байдаг. Тэрбээр манай улсад талийгаач Т-ын урилгаар нэг бус удаа ирж байсан нь зочид буудалд буудалласан тэмдэглэл, хилээр орж гарсан бүртгэлээр батлагддаг юм.
Үнэнд гүйцэгдэнэ гэдэг л энэ. 2008 онд манай улсад Буянт-Ухаа боомтоор орж ирээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Guide” гэх зочид буудалд төвхнөсөн нотлох баримтыг нь нэгэн гэрэл зургийн хамтаар АНУ-ын шүүхэд манай тал нотлох баримт болгож хүргүүлсэн нь маш чухал, өндөр ач холбогдол бүхий, хэргийг шийдвэрлэхэд чухал үндэслэл болсон юм.
Мэдээж цагдаагийн байгууллагын нотлох баримт цуглуулах ажил прокурорын хяналт дор явагддаг. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр талийгаач Т-ын гэрт нь үзлэг нэгжлэг хийхдээ зургийнх нь цомгоос Эрик, Крис, Т нар Өмнөговь аймагт, тэр дундаа Нэмэгтийн хотгорт малтлага хийж буй зургийг нь олсон аж.
Улмаар АНУ Эрик Прокопигийн гэрэл зургийг талийгаач Т-ын эхнэрт үзүүлэхэд гэрт нь нэг бус удаа ирсэн америк хүн болохыг ч баталсан байна.
Түүгээр зогсохгүй цахим шуудангийнх нь харилцаагаар олон улсын бусад түнштэй нь хэрхэн харилцсан, банкны мониграм зэрэг олон улсын шилжүүлгээр ам.доллар шилжүүлж байсан гүйлгээ зэргээр нь захиалагч, зуучлагч, гүйцэтгэгч, нийлүүлэгч, борлуулагчдынх нь хамаарлыг баримтжуулсан гэнэ.
2008 онд Эрик, Крис нартай хамт өөр нэг гадаад эр ирсэн нь Украины арилжааны палеонтологич, бас л энэ төрлийн наймааг сонирхдог хүн байсан гэх мэдээлэл ч бий. Тэд ийнхүү хамтран Нэмэгтийн хотгороос 70 сая жилийн өмнө амьдарч байсан махан идэшт Тираннозаврын чулуужсан олдворыг олж авсан бололтой.
Олсон үнэт олдвороо Монголын хил гаалиар гаргах ажлыг Т хариуцаж байсан байх магадлалтай. Үүний цаана хил гаалийнхны авлигын сүлжээ ч байхыг үгүйсгэхгүй. Гэвч энэ хэрэг өдгөө хэрхсэн нь тодорхойгүй, хил гаалийнхныг ч шалгаж чадахгүй өнөөг хүрч байгаа юм. Чухам яагаад гэдгийг мөрдөгчид нь л мэдэх байх.
ГЭР НЬ ЧУЛУУ БОЛЖ, ХУУРАМЧ НЬ ЖИНХЭЛСЭН ТҮҮХ
Т-ын тусламжтайгаар манай өмнийн цэнхэр говиос олдсон үлэг гүрвэлийн чулуужсан олдворууд 2006-2013 онд олноороо хил гарсан гэдэг юм билээ. Ямар маршрутаар далайн чанадад хүрснийг бид зургаар үзүүлэхийг зорилоо.
Монголоос олдсон чулуужсан олдворуудыг хилээр гаргахдаа гаалийнхан “Монгол гэр” гэсэн бүрдүүлэлт бичиг баримт хийж өгдөг байж. БНСУ, Япон дахь Яан, Холлис Баттс гэх түншүүд нь “Монгол гэр”-ийг хүлээн аваад цааш нь Англид хүргэдэг.
Энэ үедээ манай гаалийн бүрдүүлэлтийг палеонтологийн олдвор сэргээхээр илгээсэн гэх утгатай бүрдүүлэлттэй болгож өөрчилдөг байж. Тэндээс нь АНУ руу илгээж байсан гэх юм билээ.
Зөвхөн ийм бүрдүүлэлтээр дээрх орнуудаас гадна Франц, Бельгид хүртэл үлэг гүрвэлийн чулуужсан олдворууд очсон байгаа юм.
Баатар Т.Батаарын хэрэг дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан 2012-2013 оны үед АНУ-д 21 олдвор очсон нь тогтоогдсон бол түүнээс хойш манай цагдаагийнхны шалгаж баримтжуулснаар АНУ-д дахиад 11, БНСУ-д ес, Францад 90 гаруй олдвор Монголоос очсон нь тодорхой болжээ.
Энэ олон олдворыг эх орондоо авчирвал Т.Батаараас өөр үзмэргүй гэх үлэг гүрвэлийн музейн сан хөмрөг маш баялаг болох нь тодорхой. Харин тэднийг хэний, ямар зардлаар эх оронд нь буцаан авчрах нь бүрхэг байгаа юм.
Улсын эдийн засаг хямарсан энэ үед өөрсдийнхөө өмчийг авчрах зардал гаргахад бэрх байгаа талаар учир мэдэх хүмүүс нь хэлж байна.
Үргэлжлэл бий >>> http://mongolnews.mn/1s4n
Г.РАВЖАА