УИХ-ын дарга З.Энхболд өнгөрөгч баасан гаригт “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, Үндэсний бүтээн байгуулалтын корпорац, Монголын барилгын үндэсний ассоциац, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо, Элс хайрга, дайрга үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг барилгын угсралт, материал үйлдвэрлэгч, үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн төлөөлөгчидтэй уулзав.
Өмнө нь Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, ипотекийн зээлийн найман хувийн хүүг тав болгох боломжтой, эсэх талаар ярилцсан бол энэ удаа хүүг бууруулсан тохиолдолд орон сууцны үнийг нэмэх үү гэдгийг тэднээс асуусан юм.
Учир нь хүүг таван хувь болгох сургаар Зайсан дахь “Энхжин” хороолол орон сууцныхаа ам метрийг 1.8-2.3 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн гэх мэдээллийг УИХ-ын дарга оршил болгон хэлсэн. Тэрбээр ипотекийн тогтолцоо барилгын салбарыг бүхэлд нь хөдөлгөж байдаг чухал хэрэгсэл болохыг тоо баримтад тулгуурлан тайлбарлаад, “Бид орон сууцны зээлийн асуудлыг шийдвэрлэх, санхүүгийн нөхцөлийг нь бууруулахаар ажиллаж байна.
Энэ бүхэн ажил болсны дараа орон сууцны зээл авах хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Харин энэхүү эрэлтийг дагаад барилгын үнэ өсөх, эсэхийг сонирхож буй олон нийтэд хариулт өгөх зорилгоор энэ уулзалтыг зохион байгууллаа” гэсэн юм. Дотоодын барилгын компани монгол ажилчдыг цалинжуулан, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр барьсан орон сууцыг худалдсан нөхцөлд л орон сууцны таван хувийн зээл олгохоор зөв шилцөж буйг спикер онцолсон.
Энэ нь иргэдийнхээ нэг хэсгийг орон сууцтай болгохын зэрэгцээ барилгачид, барилгын салбарын үйл ажиллагаатай хамааралтай бусад төрлийн бизнесийн байгууллагад ажиллаж буй иргэдээ баталгаатай, тогтвортой, цалинтай ажлын байртай байлгахыг чухалчилж буй хэрэг гэнэ.
Тиймээс шаардлагатай мэргэжилтэй ажиллах хүчнээс бусад төрлийн ажилчныг гадаадаас авч ажиллуулахгүй байх чиглэлийг Засгийн газарт өгөөд буй юм байна. Мөн бусад орны жишээнээс харахад Засгийн газар, төрийн тодорхой хувийн дэмжлэгтэйгээр явдаг ипотекийн тогтолцоо байдгийг УИХ-ын дарга онцлоод, үүнийг хэвийн, тогтвортой үргэлжлүүлэх үүднээс хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэхээр ажиллаж байна гэв.
Энэ үеэр УИХ-ын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа барилгын салбарын хөгжил, өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулсан. Үүний дараа оролцогчид байр сууриа илэрхийлж, санал солилцсон.
Б.Нэмэхбаатар (Монголын барилгын үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал, “Заг” ХХК-ийн захирал): -Манай ассоциацид Улаанбаатарт хийж буй бүтээн байгуулалтын 80 гаруй хувийг гүйцэтгэж байгаа үндэсний 150 компани гишүүнчлэлтэй.
Зээлийн хүүг бууруулсны дараа зах зээл, хууль эрх зүйн орчин тогтвортой байвал орон сууцны үнэ өсөхгүй, цаашдаа ч тогтвортой байх боломж бүрэн бий. Тиймээс барилгын компаниудын зүгээс моргэйжийг хэр тогтвортой байлгах вэ гэдгийг З.Энхболд даргаас асуумаар байна.
Барилгын нийлүүлэгчид жаахан мөнгөтэй болж, хөдөлмөгцөө эхний ээлжинд хямралын үеийн үнийн түвшинг хадгалах болов уу. Түүнээс биш түрүүлээд өсгөх боломжгүй. Одоо боломжийн хямд үнээр өрсөлдөж байгаа. Нөгөө талаас өнөөдөр 240 гаруй барилгын нийлүүлэгч үйл ажиллагаа явуулж байна.
Зах зээл дээр бэлэн болсон, мөн 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа орон сууцны тоо 30 мянгад хүрсэн. Нийлүүлэлтийн энэ эрчийг эрэлт гүйцэхгүй байгаа учраас үнэ өсөхгүй байх бодит шалтгаан болж буй юм. Моргэйж нээгдэж, хүү нь тав болж эхлэнгүүт 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй компаниуд мөнгөө авч, баригдаж дуусна. Тэдэнд үнээ нэмэх ямар ч шалтгаан байхгүй.
М.Даваасүрэн (Ган хийц” компанийн захирал): -Өнгөрсөн 25 жилийг харж байхад бизнес эрхлэгчдийн санааг ганц зовоодог зүйл бол сонгуулиас сонгуулийн хооронд бодлого өөрчлөгддөг явдал.
Одоо УИХ-аас гаргасан шийдвэрийг дараагийнх нь дагаж мөрддөг байхыг ямар нэг хэмжээгээр хуульчилж, баталгаажуулбал бид хэнээс ч айхгүйгээр бизнесээ хийгээд явж чадна.
М.Түмэнжаргал (Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн): -Монголын барилгын материал үйлдвэрлэгч компаниудаа төлөөлөөд үнэ өсөхгүй гэдгийг баталгаатай хэлж чадна.
Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд Засгийн газраас авсан арга хэмжээний ачаар хүчин чадал нэлээд нэмэгдсэн. Гол түүхий эд болох дүүргэгч материал, цементээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангахаар болсон.
З.Энхболд (УИХ-ын дарга): -Бодлогыг удаан хугацаанд үргэлжлүүлэхээс өөр аргагүй. АНУ-ын моргэйжийн зах зээлийн эхний 30 жил нь зуун хувь төрөөс нь санхүүжүүлсэн байдаг.
Тэгэхээр бид сонгуулиас сонгуулийн хоорондох дөрвөн жилийн гуравханд нь хийгээд зогсоож болохгүй. Дор хаяж 40-50 жил үргэлжлэх ёстой хэмээн байр суурь илэрхийлсэн юм.
Б.НОМИН