Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани Энэтхэгийн Дели рүү ирэх гуравдугаар сараас шууд нислэг хийхээр төлөвлөж буй талаар conomictimes.indiatimes. com цахим хуудсанд мэдээлэв.
Тус компани Делид төвтэй Энэтхэгийн ачаа тээврийн фирм “Zeal Global Services”-ийг билет борлуулалтын төлөөлөгчөөр сонгосон гэж дээрх цахим хуудсанд тэмдэглэжээ. “Zeal Gloal Services”-ийн захирал Нипун Ананд “Бид МИАТ-тай өнгөрсөн оны зургадугаар сард гэрээ байгуулсан.
Бүртгэлийн зарим ажлаа саяхан дуусгаснаар албан ёсоор МИАТ-ын борлуулалтын төлөөлөгч болсон. Шууд нислэгийг гуравдугаар сард эхлүүлнэ гэж төлөвлөж байгаа.
МИАТ иргэний нисэхийн холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авахаар хүлээж байна” хэмээн ярьсан байна. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад, “Дели рүү шууд нислэг хийх талаар ярилцаж байгаа ч хугацааны талаар товлосон зүйл байхгүй” хэмээлээ.
Ц.БОЛОР