Өвөрхангай аймгийн хэмжээнд томуу, улаан бурхан өвчин дэгдэн, олон хүүхэд өвчилж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсон тул бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо.
Цэцэрлэгүүд өнөөдрөөс эхлэн энэ сарын 22-ны өдрийг дуустал таван өдөр ажиллахгүй. Энэ хугацаанд эцэг, эхчүүдийг хүүхдэдээ анхаарал халамж тавин, өвчнийг нь эмчлэхийг эмч, багш нар зөвлөж байна.
Эцэг, эхчүүд ажлаа таслахгүйн тулд ханиадтай, улаан бурхантсан хүүхдүүдийнхээ өвчнийг нуун, цэцэрлэгт өгч буйгаас эрүүл хүүхдүүд халдвар авч, өвчин намжихгүй байгаа аж. Тиймээс ийм арга хэмжээ авахад хүрчээ.
Бат-Өлзий, Баянгол, Баян-Өндөр, Богд, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Өлзийт, Сант, Тарагт, Төгрөг, Уянга, Хужирт сумын эмнэлэгт ханиад гэсэн зовиуртайгаар үзүүлсэн өвчтөнүүдийн 16-33 хувь, Арвайхээр суманд томуу туссан иргэдийн 64 хувь нь бага насны хүүхэд байгаа гэнэ.
Сурагчдын амралтын үеэр 12 дугаар ангийнхаас бусад сурагчдын дунд давтлага, секц, дугуйлан хичээллүүлэхийг хориглож, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг хязгаарлахаар болжээ.
Б.БАЙГАЛ