Манай орны нийт нутгаар энэ сарын 15-наас хүйтний эрч улам чангарч, явган шуурга шууран, гунан үхрийн эвэр хөлдөөдөг гурван есийн хүйтэн тачигнаж байна. Цасан шуурганаар нэг хүн амиа алдаж, олон хүн машинтайгаа цасанд суужээ.
Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн Сархиаг гэдэг газарт өвөлжиж байсан малчны 15 настай хөвгүүн энэ сарын 16-нд хониндоо яваад сураггүй болсон байна. Ар гэрийнхэн нь 19.56 цагт аймгийнхаа Онцгой байдлын газарт дуудлага өгснөөр Гал унтраах, аврах 43 дугаар ангийн 10 албан хаагч очиж, ар гэрийнх нь найман хүнтэй хамтран, эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ.
Хүү гэрийнхээ ойролцоох өндөр хаднаас унаж, нас барсан байсныг 23.38 цагт олсон байна. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Баянхайрхан багийн Хадаасан гэдэг газарт энэ сарын 15-ны 22.00 цагийн үед том, жижиг нийлсэн 10 гаруй машин цасанд суужээ.
Уг газар нь аймгийн төвөөсөө хойш найман км зайтай байсан тул аврагчид шуурхай очиж, нийт долоон машин, 90 хүнийг цаснаас татан гаргаж, 25 хүнийг нь аймгийн төв рүү зөөсөн байна. Тухайн үед гаргах боломжгүй, гүн хунгарт суусан найман машиныг үлдээсэн ч маргааш нь татаж гаргажээ.
Увс аймгийн Тариалан, Наранбулаг сумын заагт орших Зостын хөтөл дээр өнгөрөгч бямба гаригийн 11.20 цагийн үед микроавтобус цасанд боогдсон байна. Уг машинд хоёр хүн сууж явсан аж. Тухайн өдрийн 20.30 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн нутаг дахь Хатуугийн даваанд “Ланд крузер 100” цасанд боогджээ. Уг машинд 36- 40 насны гурван хүн, ой таван сартай охин явсан байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан энэ сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээнээс үзвэл өнөөдөр зүүн зүгийн нутгаар, маргааш баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд өмнөд хэсгээр бага зэрэг цас орж, явган шуурга шуурна.
Энэ үеэр хүйтний эрч дунджаар таван градусаар чангарч, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50, өдөртөө 33-38, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын талаар шөнөдөө 38-43, өдөртөө 27-32 градус хүйтэн байх нь. Говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 21-26, өдөртөө 14-19, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус хүрч хүйтэрнэ.
Х.ЭРХЭМ