Энэ хэргийг 43 настай О гэгч үйлджээ. Хохирогч нь 13 настай охин. Охин О-той уулзахаас өмнө гэрийнхээ ойролцоох дэлгүүрт оржээ. Гэтэл худалдагч нь охиныг “Чи манай дэлгүүрээс хулгай хийж байсан. Эцэг эхэд чинь хэлнэ” гэхэд нь охин айхдаа гараад зугтсан байна.
Ингээд “Тэнгис” кинотеатр дотор нэг хоножээ. Маргааш нь охиныг гудамжинд явж байхад цайвар өнгийн жийптэй М гэх хүн “Миний дүүгийн гэр нь хаана байдаг вэ. Ах нь хүргээд өгье” гэсэн байна.
Гэтэл охин М-д “Би аав, ээжтэйгээ муудалцаад гэрээсээ явсан” гэж хэлжээ. Тэгэхээр нь М “Ах нь чамайг нэг айлд хүргээд өгье. Өнөөдөртөө тэнд хоно” гэсэн байна. Ингээд охиныг О-ийнд хүргэж өгсөн аж.
О охиныг гэртээ долоо хоног хорьжээ. Ажилдаа явахдаа гаднаас нь цоожлоод явдаг байсан гэнэ. Ингэхдээ охиныг удаа дараа хүчирхийлжээ. Мөн түүнийг хүргэж өгсөн М ч хүчирхийлсэн байна.
Охин О-той хэрэлдээд гарч зугтаан, гэртээ ирснээр гэмт этгээдүүд баригджээ. О нь вакуум цонхны үйлдвэрт ажилладаг, ганц бие нэгэн.
Тэрбээр “Энэ охин өөрөө надтай сууна гээд байсан. Тэгэхээр нь би “Чи надаас 30 насаар дүү, тийм юм байж болохгүй” гэж хэлсэн хэмээн мэдүүлж байгаа аж.
Хохирогч охины ээжтэй холбогдон хэргийн талаар тодруулахад “Одоо шалгагдаж байгаа хэрэг. Би мэдээлэл өгмөөргүй байна” гэсэн юм.
А.СҮЛД