Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах журам шинэчлэгдэж автомашины дугаарын төгсгөлийн оронгоор төлбөр төлөх болон Сар шинийн баярыг угтаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор баярын өмнөх амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, энэ сарын 30 болон ирэх сарын 6-ны бямба гаригуудад улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн, энэ сарын 31 болон хоёрдугаар сарын 7-ны ням гаригуудад улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг өглөө 10.00 цагаас оройн 20.00 цагийн хооронд авто хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг Замын цагдаагийн газраас хийжээ.

Мөн энэ өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Хүчит Шонхор” худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төвийн чиглэлд шинэ чиглэлээр автобус явуулна.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны Бямба гариг, 01 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны Ням гаригуудад Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулалтын арга хэмжээ авна.
Мөн түүнчлэн “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчилсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр дараахи байдлаар зохицуулалт хийсэн талаар холбогдох албанаас мэдээллээ. Үүнд:
- 1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард,
- 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард,
- 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард,
- 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,
-
5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө.
Журам хэрэгжсэнээр банкууд, оношлогооны цэгүүдэд үүсдэг дараалал, ачааллыг бууруулах ач холбогдолтой. Журмын 3.6 болон 3.7 заалтад зааснаар Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том оврын ачааны авто машинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн татварын холбогдох дансанд төлнө. Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үлдсэн хугацаанд ногдох татвар,төлбөрийг төлөх юм байна.