Дөрвөн настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхэд хэлэлцлээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Маралмаа,Т.Цогт нарыг бүлэглэн, бусдыг байнга зодох буюу тарчлаасан, бусадтай бүлэглэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар санаатай хөнөөсөн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 100.1, 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч дээрх хоёр хүн тус бүрт 24 жилийн хорих ял оноосон юм.
Харин Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Цогт, Г.Маралмаа нарт Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар ногдуулсан хоёр жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Т.Цогт, Г.Маралмаа нарын биечлэн эдлэх ялыг 22 жилийн хугацаагаар тогтоосон байв.
Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгчид Т.Цогт, Г.Маралмаа нарын өөрсдийнх нь болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн дээрх хэргийг хянан хэлэлцээд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийсэн, зарим зүйлийг нэмж тодруулах шаардлагатай хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ.