Барилга хот байгуулалтын яамны сайд З.Баянсэлэнгэ Ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар яг одоо мэдээлэл хийж байна.
Тэрбээр, "Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулж анхны хэлэлцүүлгээр батлах ажил үргэлжилж байна. Маргааш болох УИХ-ын ээлжит бус чуулганаар хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах байх. Энэ сарын 11-ний Засгийн газрын хуралдаанаар орон сууц барьцаалсан зээлийн журамд өөрчлөлт оруулж, зээлийн хүүг таван хувь болгосон. Тодруулбал, 100м.кв хүртэлх хэмжээтэй орон сууцыг таван хувийн хүүтэй зээлээр авах боломж нээгдсэн бөгөөд 100 м.кв-аас дээш хэмжээтэй орон сууцыг найман хувийн хүүтэйгээр авах боломжтой" гэв.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд 70-аад мянган өрх найман хувийн зээлд хамрагдсан бөгөөд тэдгээр иргэдийн зээлийг 5 хувь руу шилжүүлэх юм байна. Ингэснээр тэдний нэг сард төлөх зээлийн хэмжээ 100-150 мянга хүртэлх төгрөгөөр буурах юм. Гэхдээ ингэж зээлийн хүүг шилжүүлэхэд 790 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоог БХБЯ-наас хийжээ.