Өчигдөр Йемен улсын Аден боомтод тус хотын аюулаас хамгаалах газрын дарга Шалал Аль Шейхийн гэрийн гадаа амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ.
Гэрчүүдийн хэлж буйгаар амиа золиослогч тэсрэх бөмбөг бүхий бүс зүүж явсан бөгөөд халдлагаар 10 хүний амь үрэгдэж хэд хэдэн хүн шархадсан байна. Мөн хоёр долоо хоногийн өмнө Шалал Аль Шейхийн сууж явсан машины цувааруу халдсан юм. 2014 оны есдүгээр сард Исламын шашны Шийт урсгалыг дагагч Хуситын босогчид Йемений нийслэл Сана хотруу дайрч эзэлснээс хойш засгийн газар Аден боомтод байрлаж байгаа юм. Тиймээс тус хотод халдлага дайралт ихээр гарах болжээ.
"Исламын улс", "Аль Кайда" бүлэглэлийнхэн халдлага үйлдэж байсан ч энэ удаагийн халдлагын хариуцлагыг тэдний хэн нь ч хүлээгээгүй байна.
Энэ явдалтай зэрэгцэн өчигдөр Йемений хойд хэсгийн Саана хотод Саудын Арабын өгсөн агаарын цохилтод 30 гаруй иргэн өртөж, амь үрэгдсэн байна. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард Саудын Араб тэргүүтэй эвслийнхэн Йе,енд агаарын ажиллагаа эхлүүлснээс хойш 6000 орчим хүн амь үрэгдээд байгаагийн тэн хагас нь энгийн иргэд байгаа юм.