Сэргээгдэх эрчим хүчний салбарт 2015 онд хууль эрх зүйн орчны өөрчлөлттэй холбоотой томоохон шинэчлэлүүд хийгдсэн билээ. Тодруулбал, 2015 оны Зургадугаар сард төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын бичиг баримтыг баталж, сэргээгдэх эрчим хүчийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий зорилтыг баталсан. Мөн тус бодлоготой холбоотойгоор Эрчим хүчний тухай хууль болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт орсон.
Дээрх хуулиудад нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг баталсан, мөн Эрчим хүчний диспетчерийн үндэсний төв ТӨХК болон Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК –уудын үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлтүүд орсон. Энэ нь сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний төсөл хөгжүүлэхэд гол оролцогч талууд тул төсөл хөгжүүлэгчдийн хувьд чухал өөрчлөлт аж.
Тэгвэл эрчим хүчний салбарт хийгдсэн эрх зүйн орчны шинэчлэлүүдийг олон нийтэд нээлттэй танилцуулж, шинэчлэлтэй холбоотой өөрчлөлтүүд нь сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүдэд ямар нөлөө үзүүлэх талаар хэлэлцэхээр "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум"-ыг зохион байгуулах гэж байгаа аж. Тус форум нь 2008 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа ба форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарт өрнөсөн тухайн жилийн үйл ажиллагааг хэлэлцэн, ирээдүйд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл явцыг олон нийтэд танилцуулах, цаашид энэ салбарт хийгдэх шаардлагатай байгаа ажлуудыг олон нийтээр хэлэлцэн, цаашид ажил хэрэг болгохыг зорилго болгодог байна.
Форум ирэх дөрөвдүгээр сард болох ба урьдчилсан байдлаар 300-аас дээш оролцогчид хүрэлцэн ирнэ гэсэн урьдчилсан тооцоог зохион байгуулагчид гаргаад байна.