Аав, ээж, эмээ өвөө нь гангар шаазан мэт нандигнан хайрладаг балчир үрсийг цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчид нь зодож, гэмтээсэн явдал удаа гарч, иргэдийг эмзэглүүлэх болсон.
Дундговь аймгийн "Оюуны хөгжил" хувийн цэцэрлэгийн тогооч арван сартай хүүг хоолоо идэхгүй байна хэмээн зодсон бичлэг цахим ертөнцөд нийтлэгдэж, аюулгүй, асаргаа сувилгаа сайтай хэмээн хувийн цэцэрлэгийг сонгодог аав ээжүүдийг цочирдуулаад байсан. 2015 оны сүүлчээр бас бага насны хүүхэд багшдаа зодуулсны улмаас хэл нь урагдаж хэд хэдэн оёдол тавиулсан талаарх мэдээлэл цахим хуудсуудад гарлаа.
Тэгвэл иргэдийг бухимдуулж буй энэ асуудалтай холбоотойгоор БСШУЯ хүүхдийн эрхэнд халдсан багшийн багшлах эрхийг хасаж, тухайн цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авах болсноо цэцэрлэгийн удирдлагуудад мэдэгдлээ.
Түүнчлэн багш нарт анхааруулга өгч ажиллах, хүүхдийн эрхийн талаарх сургалт, мэдээлэл зохион байгуулах ажлыг төлөвлөгөөндөө тусгахыг үүрэг болгожээ.