АНУ болон Европын холбоо Иранд авсан хориг арга хэмжээнүүдээ цуцалж, олон улс Ираны зах зээлийг сонирхож эхлээд байна. Үүнтэй холбогдуулан тус улсын эрх баригчид олон улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг Ираны зах зээлд хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг уриалсан байна. Бямба гаригт Ираны эсрэг эдийн засаг, санхүү, эрчим хүчний салбарт авсан хориг арга хэмжээ цуцлагдаж Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани өөрийн улсад хөрөнгө оруулалт шинэ техник технологи маш их хэрэгцээтэй байгааг онцолсон юм.
Мөн тэрээр хориг арга хэмжээнүүд цуцлагдсанаар Иран улсад гадны хөрөнгө оруулалт хийгдэхэд таатай орчин бүрдлээ гэсэн байна. Эрх баригчид гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтийг гурваас таван хувьд хүргэж чадна гэж найдаж байгаа юм.
Олон улсын шинжээчдийн тооцоолж буйгаар Ираны эрчим хүчний салбар дахь хориг цуцлагдсан учраас тус улсын газрын тосны экспортоос олох орлого 10 тэрбум ам доллараар нэмэгдэнэ гэжээ, Мөн олон улсын банкуудад царцсан байдалтай байсан 50 тэрбум ам доллар эргэлтэд орох боломж нээгдэж байна.