Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр буюу нэгдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Швейцарын Холбооны улсын Давос хотноо болож Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно.
Уг чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж бололцоо, санаачлага, цаашид авах арга хэмжээнүүдийн талаар яриа хэлэлцүүлэг өрнөдөг ба энэ удаагийн чуулга уулзалтаар "Үйлдвэржилтийн дөрөв дэх дэвшил" сэдвийн дор 250 гаруй хуралдаан болох юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн усны хомстол, хүртээмж: Дэлхийн усны хөтөлбөрийн хэрэгжилт, Уул уурхайн металлурги: Бодлогын төлөв зэрэг уулзалт хуралдаанд оролцоно. Мөн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, тавьж буй хөгжлийн зорилтоо танилцуулна. Энэ ажлын хүрээнд 22-ны өдөр "Монголын үдэш" арга хэмжээ зохион байгуулагдах гэнэ.
Чуулга уулзалтад манай улс өндөр дээд түвшинд оролцох нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулах, улс орноо сурталчлах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэгт ач холбогдолтой.