"Ирвэс хамгаалах сан"-гийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл өнгөрөгч арваннэгдүгээр сарын 5-ны өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон бөгөөд зургаан хоногийн дараа Хөвсгөл нуураас амиа алдсан байдалтай олдсон хэрэг гарсан билээ. Тэрээр Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Тост, тосон бумбын нурууг төрийн тусгай хамгаалалтад авахаар зорьж байсан. Түүнийг нас барсны дараа түүний үйл хэргийг үргэлжлүүлэхээр олон нийт эрх баригчдаас тусгай хамгаалалтад авахыг шаардсаар ирсэн. Тэгвэл “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн тус нурууны хайгуулын лицензийн талаар судалгаа хийсэн байна. Энэ талаар тус хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Энхбатаас тодруулахад “Юуны өмнө ирвэс хамгаалагч, биологич залуу амь эрсдэж, уул уурхай тойрсон асуудлын золиос болсонд маш их харамсаж байна. Хэрэг гарснаас хойш иргэний хөдөлгөөнүүд Тост, тосон бумбын нурууны эргэн тойронд болж буй үйл явдлыг их анхааралтай ажиглаж байгаа. Тэгээд судалгаа хийснийхээ үр дүнд олж авсан баримтыг ард иргэдэд танилцуулахыг хүссэн юм.
Тост, тосон бумбын нуруу бол Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших байгалийн гайхамшигт, эко систем бүхий сайхан уул нурууд юм. Тэр бол дэлхийд ховордсон аргаль янгир, ирвэс, бусад говийн ховор ургамал ургадаг ай сав юм. Гэтэл сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон сошиал хэрэгслүүдээр тус нуруунд 20 гаруй лиценз эзэмшигч бий гэх мэтийн ташаа мэдээлэл их гарсан. Үнэндээ тус нуруунд зургаан лицензтэй талбай бий. Тэдгээр лиценз нь бүгд БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай гурван эзэмшигчтэй юм билээ” гэлээ.