Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан 2016 оны 1 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Энэхүү айлчлал нь Монгол Улсад болж буй Унгар Улсын Ерөнхий сайдын хэмжээний анхны айлчлал гэдгээрээ онцлогтой юм.
Айлчлалын хүрээнд Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхана.
Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан Унгар Улсын Гадаад хэргийн сайд, худалдааны сайд, Батлан Хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөөд аж ахуйн сайд нараас ирэхээс гадна 40 гаруй компаний 60 орчим бизнес төлөөлөгч ирэх том хэмжээний айлчлал болох юм. Айлчлалын үеэр Монгол-Унгарын талуудын бизнес форум зохион байгуулагдана.