УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүүлэн олгож эхлэх хуулийг баталсан. Үүнтэй холбогдуулан барилгын салбарын төлөөллүүд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралД:
- "Монголын барилгын үндэсний ассоциаци"
- "Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо”
- "Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо”
- "Ногоон хот Улаанбаатар ассоциаци”
- "Монголын үйлдвэрчдийн эвлэлүүдийн холбоо”
- "Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”
- "Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбоо”
- "Монголын барилгачин залуучуудын холбоо” оролцсон юм.
Тэд "Ипотекийн найман хувийн хүүтэй зээл олгогдох боломжтой болсонд барилгын салбарынхан болон Монголын нийт ард түмэн талархалтай байна. Зээл тавигдсантай холбогдуулан иргэдийн дунд байрны үнэ өсөх вий гэсэн болгоомжлол үүсч байгаа. Бидний зүгээс ямар ч байсан барилгын материалын үнийг өсгөхгүй. Өсгөхгүй байх бүрэн боломж бий. Тиймээс орон сууцны үнэ ч өсөхгүй гэдгийг салбарынхан хэлж байгаа. Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Барилга Хот Байгуулалтын яам барилгын салбарт үүссэн нөхцөл байдлыг цаг алдалгүй авч үзэн төрийн бус байгууллага, олон нийттэй харилцах байгууллагатай нээлттэй хамтран ажиллаж зохих шийдвэр гарсан нь зөв юм. Тиймээс нэгдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан жагсаалыг албан ёсоор цуцалж байна" гэлээ.
Мөн барилга бүтээн байгуулалтын салбар уналтад орсон нөхцөл байдлыг даван туулахад Ипотекийн зээлийн хүүг таван хувь, урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох нь чухал нөлөөтэй.
Энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэн, санхүүжүүлэх эх үүсвэрийг яаралтай олж, зохих дүрэм журамд хариуцлагатай хандана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.