ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа нарт холбогдох хэргийг АТГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Уг хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх нарыг сэжигтнээр тооцон шалгахаар болсон.
А.Гансүхийн дүү нь АТГ-ын мөрдөн байцаагч учраас нөлөө орж болзошгүй гэсэн хардлага хэвлэлд бичигдэж байна. А.Гансүхийн дүү нь мөрдөн байцаагч биш, харин Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлтийн албаны даргаар ажилладаг юм.
Харин УИХ-ын гишүүн Х.Баттулгыг сэжигтнээр татсан тухайд албаны хэд хэдэн эх сурвалж “Х.Баттулга уг хэрэгт тайлбар өгсөн. Тайлбартаа “Салбар хариуцсан сайдын хувьд монгол төрийн бодлого, УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж, төмөр замын төслийг үр дүнд хүргэх бодлого барьж ажилласан. Ингэхдээ өдөр тутмын ажилд оролцож байгаагүй. Хэнтэй ямар гэрээ байгуулж, хэнийг гүйцэтгэгчээр ажиллуулж байгааг нь би мэддэггүй” гэсэн утгатай зүйл ярьсан” гэлээ.
Б.Батзаяа Төв аймаг дахь Цагдан хорих төвд саатуулагдаж байгаад бие нь муудсан учраас нийслэл рүү шилжүүлсэн. Өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Уг хэрэгт холбогдсон “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Гёл бас тус ангид саатуулагдаж байгаа. Харин түүнтэй хамт монгол компани байгуулсан Гу Дун гэх эр гэрчийн мэдүүлэг өгсөн байна.
Энэ хэргийн шалгалт гадаадад оргон гарсан хүмүүстэй холбоотойгоор удааширч болзошгүй болов. Тухайлбал, “Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбатыг ирэхээс нааш хэрэг шийдэгдэхгүй байж магадгүй аж.
Тэр анх “Маккензи”-тэй гэрээ байгуулан, компаниа туслан гүйцэтгэгчээр нь ажиллуулж, дансандаа нэлээд их хэмжээний мөнгө шилжүүлж авсан нь шалгалтаар тогтоогджээ.
Г.РАВЖАА