Нийслэлийн ИТХ-аас “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл” хэрэгжүүлэх 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайг баталсан. Уг төслийн хүрээнд энэ онд хамгийн эхэнд ашиглалтад орсон орон сууцыг өчигдөр хүлээн авлаа.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт “Зургаан талт” компани 150 айлын орон сууц барьжээ. Тухайн газарт оршин сууж байсан 30 өрх түлхүүрээ авч, шинэ байрандаа орлоо.
Энэ үеэр тус компанийн ерөнхий инженер П.Өлзий “Нарт” хотхоны 350 айлын орон сууцны эхний ээлжийг улсын комисс хүлээн авлаа. Манай компани 138 иргэнтэй гурвалсан гэрээ байгуулсан. Одоогоор 65 айлыг орон сууцтай болгоод байна” гэлээ.
“Зургаан талт” компани 2014 оны арваннэгдүгээр сард гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, 8.4 га газарт бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлжээ.
Өнгөрсөн хугацаанд нийт 32 нэгж талбарын газрыг чөлөөлсөн бөгөөд уг төслийг хэрэгжүүлснээр 1200 айлын орон сууц, худалдаа, үйлчилгээний долоон давхар төв, оффисын 1500 ам метр барилга, ногоон байгууламж бүхий хороолол байгуулах аж.

Энэ үеэр тус компанитай гэрээ байгуулж, орон сууцтай болсон иргэн Г.Нямхүү “Манайх 0.07 га газартай байсан. “Зургаан талт” компанитай гэрээ байгуулаад одоо байрандаа орох гэж байна. 0.07 га газраа 52.3 ам метр хоёр өрөө, 33 ам метр нэг өрөө, нийт хоёр орон сууцаар сольсон.
Манайх энэ хороонд 20 гаруй жил амьдарч байгаа. Энэ төслийн хүрээнд газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, хоёр байртай болсондоо баяртай байна. “Нарт” хорооллын орон сууцны нэг ам метр талбай 1.6 сая төгрөгийн үнэтэй. Ингээд бодохоор манай газрыг өндөр үнэлсэн байна.
Шинэ байр маань таалагдсан” хэмээн ярилаа. Мөн тус хорооны иргэн “Манайх 222 ам метр газар өмчилж байсан. Үүнийгээ 52.3 ам метр талбайтай хоёр орон сууцаар солих гэрээ байгуулсан.
“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл” хэрэгжүүлсэн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон гүйцэтгэгч компанийнханд талархлаа илэрхийлье. Маш их баяртай байна” гэв.
Нийслэлийн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл” эхлээд хоёр жил гаруй болж байна. Өнгөрсөн онд “Бэрэн групп”, “Цагаан хуаран”, “Баганат-Өргөө” компани 1600 айлын орон сууц ашиглалтад оруулсан байна.
Үүнээс 500 өрх буюу 2100 гаруй иргэн газраа орон сууцаар сольжээ. Уг төслийн хүрээнд энэ оны эхний хагаст 1100 гаруй айлын орон сууц ашиглалтад оруулж, 4000 гаруй иргэнийг орон сууцтай болгох төлөвлөгөөтэй байгаа аж.
Н.САНЖААСҮРЭН