Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг 2015 оны арваннэгдүгээр сарын 26-ны УИХ-ын 104 тоот тогтоолоор батлагдсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн яам, Дэлхийн банк, НҮБ-ын Монгол дахь Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран Олон улсын байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого нь 2016-2025 оны хооронд арван жилийн хугацаанд хоёр үе шаттай хэрэгжинэ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөө гаргах бөгөөд энэ нь цаашид үйл ажиллагааны үндсэн суурь нь болох юм. Тэгвэл энэхүү төлөвлөгөөг гаргаж цаашид хамтран ажиллахад талуудын оролцоог тодорхой болгох, санал авах, хамтын ажиллагааг уялдуулахад зөвлөлдөх уулзалтын зорилго оршиж байгаа юм. Уулзалтад Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайдууд, “Дэлхийн зөн Монгол” Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгч, JICA, KOICA, ADRA зэрэг гадаад түншлэлийн байгууллага, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч 70 гаруй байгууллагын төлөөлөгч оролцлоо. Уулзалтын эхний хэсэгт Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг тогтвортой байлгахад Төрөөс бодлогоор хэрхэн дэмжиж байгаа түүнчлэн Байгаль орчин, Аж үйлдвэрийн салбарын бодлогод хэрхэн тусгагдсан зэргийг танилцуулсан бол хоёрдугаар хэсэгт тус салбарт үндэсний болон гадаадын ямар ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна, үйл ажиллагаа нь хэрхэн явж байгааг танилцуулсан. Харин уулзалтын төгсгөлд үндсэн зорилготойгоо уялдуулан мал аж ахуй, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, газар тариалан, таримал ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалтын тал дээр гадаадын түншлэгч байгууллагуудтайгаа цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын бичиг баримтыг дэлгэрэнгүйгээр ХХААЯ-н вебсайт болох www.mofa.gov.mn сайтаас үзэж, танилцах боломжтой.