АШУҮИС-ийн гарааны компани болох “Мон Эйч Пи” ходоодны салстаас хелико бактер пилорийн халдвар илрүүлэх уреазийн түргэвчилсэн оношлуур гаргаж авснаа өчигдөр олон нийтэд мэдээлэв. Өмнө нь манай улс энэ төрлийн оношлууруудыг гадаадаас өндөр үнээр импортолдог байсан бол өдгөө эх орондоо хямд өртгөөр оношилгоо хийх боломж бүрдлээ. “Мон Эйч Пи” 2014 оны зургадугаар сарын 27-нд бүтээгдэхүүнийхээ Ашигтай загварын гэрчилгээг гардаж, өнгөрсөн хугацаанд дотоодын лабораториуддаа туршихад үр дүн нь маш сайн гарчээ. Тус түргэвчилсэн оношлуурын мэдрэг чанар нь 94.3, өвөрмөц чанар нь 98.2, каппа итгэлцүүр нь 0.9 хувийн үзүүлэлттэй гарснаар үндэсний брэнд бүтээгдэхүүн болж чадсан байна.
Хелико бактер пилорийн оношлуурын нэг хайрцаг иж бүрдэлд 10 хүн тун бодис, битүүмжилсэн тагтай 10 мл шилэн сав, тарилгын 10 мл ампул ариун, нэрмэл ус, ариутгасан 10 ширхэг тюбик (түүнээс гадна үйлчлүүлэгчийн нэр, нас, цаг, шинжилгээний хариуг нь бичих 10 ширхэг шошгоны цаас), тюбик суурилуулах тавиар зэрэг багтсан байна. Хэрэглэхэд хялбар, богино хугацаанд хариу нь гардаг давуу талтай тул дурангийн кабинетэд өдөр тутамд ашиглахад нэн тохиромжтой аж. Ингэснээр манай улсын эрүүл мэндийн салбар тэр дундаа дурангийн оношилгооны төвүүдээр үйлчлүүлэгсдийн ходоодны хелико бактерын халдварын шинжилгээг хүртээмжтэй явуулах нөхцөл бүрдэж буй юм. Онош батлагдсан тохиолдолд олон улсын стандартын дагуу халдвар устгах эмчилгээ хийн, уг бактераас үүдэлтэй ходоодны өвчний хүндрэл, хорт хавдраас урьдчилан сэргийлэх ач тустай гэж “Мон Эйч Пи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Оюунцэцэг хэлэв. Тэрбээр “Манай компанийнхны дотооддоо үйлдвэрлэж буй уреазийн түргэвчилсэн оношлуурыг эмнэлгийн практикт түгээмэл хэрэглэснээр хелико бактерын халдварыг богино хугацаанд хялбар, хямд үнээр оношлох боломжтой. Одоогоор “Интермед”, “Грандмед”, “Улаанбаатар Сонгдо” зэрэг хувийн том эмнэлгүүд манай оношлуурыг хэрэглэж байгаа. Улсын эмнэлгүүд одооноос худалдаж авах хүсэлт ирүүлсэн. Тэдний төсөв мөнгө улсаас хараат байдаг учраас оношлуурын зардлыг тусгасныхаа дараа авах боломжтой гэж хэлсэн. Өмнө нь улсын эмнэлгүүдэд туршилтаар оношлуураа ашиглуулсан. Бүгд л маш сайн, амар хялбарыг нь магтсан. Цэвэр тариурт 10 мл нэрмэл усыг соруулсны дараа шилтэй хуурай оношлуурыг хольж найруулна. Шар өнгөтэй бэлэн болсон уусмалаа 10 ширхэг ариун, хуванцар саванд нэг мл-ээр нь хуваан хийнэ. Ингээд ходоодны салтстаас авсан эдийг оношлуурт хийж, өвчтөний нэр, нас, шинжилгээ хийсэн өдөр, цагийг тэмдэглэх юм. Нэг цагийн дотор оношлуур тод ягаан өнгөтэй болбол халдвар өндөр индэвхжилтэй байгааг харуулна. 1-3 цагийн дараа өнгө нь хувирбал дунд зэргийн идэвхжилтэй, 3-6 цагийн дараа сул, зургаа цагаас хойш оношлуур шар өнгөтэй болбол халдваргүй гэх зэргээр хелико бактерын зэргийг тодорхойлох юм. Бид оношлуураа нэг иж бүрдлийг нь таван мянган төгрөгөөр эмнэлгүүдэд нийлүүлэхээр төлөвлөөд байна. Энэ нь импортын оношлуурыг бодвол 3-4 дахин хямд гэсэн үг” гэж ярив.