"Мөчгүй миний амьдрал" номын зохиогч Ототакэ Хиротада "Гадуур явахад надад ямар ч бэрхшээл тулгардаггүй учир би өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж мэдэрдэггүй" хэмээсэн байдаг. Харин манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд гадуур явахад багагүй хүндрэл тулгардаг.
Үүнтэй холбогдуулан Зам тээврийн салбарынхан багагүй өөрчлөлт хийж буй. Нийтийн тээврийн эхний суудлуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулж гаргасан бол энэ удаа вагоныг тэргэнцэртэй болон хөдөлгөөний хязгаарлалттай иргэд саадгүй зорчих боломжтой болгон өөрчлөх гэж байна.
"Хамтдаа зорчъё" хэлэлцүүлгийн мөрөөр УБ вагон депогийн ерөнхий инженер О.Дэмбэрэлсүрэнгээр ахлуулсан вагон депогийн техник, засварын ажлын багийнхан нэг вагоныг бүхэлд нь засаж өөрчлөхөөр ажлаа эхлүүлжээ.