Гадаадад өндөр цалинтай ажилд оруулах нэрээр монгол охид, бүсгүйчүүдийг хил давуулан худалдаж, бэлгийн мөлжлөгт оруулдаг байсан бүлэг этгээдийг ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн баривчилжээ.
“Ажиллах хүч” олох ажлыг Улаанбаатар хотод Б гэгч хариуцаж, түүний явуулсан охидыг манай улсын иргэн Н Малайзад тосож аваад, цааш нь тус улсын иргэн А-д хүргэдэг аж. А охидыг Малайзын зочид буудал, саун, массажны газарт аваачин хүчээр биеийг нь үнэлүүлдэг байжээ.
Тэд 2015 оны гуравдугаар сараас хойш 12 эмэгтэйг гурван удаагийн үйлдлээр хил давуулан худалдсан гэнэ. Монгол дахь зуучлагч Б нь 500 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгийн цалин авдаг байж.
Хохирогч эмэгтэйчүүд 20-33 настай. Охид, эмэгтэйчүүдийг захиалан авчруулдаг байсан Н-ийг Малайз руу буцахаар онгоцны тасалбараа захиалж байхад нь Сүхбаатар дүүргийн нутгаас, зуучлагч Б-г Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс энэ сарын 11-нд баривчилжээ.
Түүнчлэн Малайз, БНСУ, БНХАУ-ын Эрээн, Хөх хот, Бээжин, манай өмнөд хилийн Ганц мод, Цагаан хад зэрэг газар руу Монгол иргэдийг худалдсан, Улаанбаатар хотод байрлах саун, массажны газрууд, Саппоро, Хөдөө аж ахуйн яам (хуучнаар) орчимд охидын биеийг үнэлүүлэх ажлыг зохион байгуулдаг 31 холбогдогчтой 30 хэргийг ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байна. Эдгээр хэргийн хохирогч 88-д хүрчээ.
Тэдний дөрөв нь насанд хүрээгүй охин. Сэжигтнүүд охид, бүсгүйчүүдийг түрээсийн байранд хорьж, байнга зодож, дарамтлан биеийг нь үнэлүүлдэг байж. Хохирогч охидыг хамгаалалтад аваад байгаа юм.
Мөн Б, С, Э, А нарын 31 хүн Баянгол дүүргийн найман объектод гулгаа массаж, үсчин, маникьюр нэрээр халхавчлан бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулдаг байж. Тэр ч бүү хэл, Фижи улсын хоёр иргэнийг англи хэлний багшаар ажиллуулна хэмээн хуурч, Монголд авчраад хөдөлмөрийн мөлжлөгт оруулдаг байсан гэнэ.
Дээрх этгээдүүд нь 9911, 8811 зэрэг дараа төлбөрт дугаарууд руу биеэ үнэлэх утга бүхий мессеж илгээн, харилцаа холбоо тогтоож иргэдийг далайлган сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан нь шалгалтаар тогтоогдсон гэнэ.
А.СҮЛД