Хятад улсын ерөнхийлөгч, удирдагч Си Зиньпиний Ойрхи Дорнодод хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна. Энэхүү айлчлалын хүрээнд мягмар гаригт Саудын Арабт Хятад, Саудын Арабын удирдагч нар эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллахаас гадна олон улсын терроризмтой тэмцэх талаар хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх талаар санал бодлоо солилцсон байна.
Тэд мөн хоёр талын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, нефтийн үнийг тогтворжуулах талаар ярилцсан. Саудын Араб нь Хятад улсын төдийгүй дэлхийн хамгийн том нефть нийлүүлэгч орон билээ. Түүнчлэн Ази, Европыг холбосон эдийн засгийн бүс бий болгох зорилгоор Хятадаас "Бүс ба зам" хөтөлбөрийг Саудын Араб дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Си Зиньпиний энэ айлчлалыг Ойрхи Дорнодын тогтвортой байдалд Хятад улсын оролцоог тодотгох, АНУ-аас гадна Хятад дэлхийн шинэ хүчирхэг улс болохыг давхар харуулж буйг ажиглагчид тэмдэглэж байна.