Их Британий ерөнхий сайд Дэвид Камерон өнгөрсөн 18-ны өдөр дүрвэгсдийн талаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа шинэ бодлогынхоо тухай танилцуулсан билээ.
Энэ танилцуулга нь дүрвэгсдийг хоёр жил хагасын хугацаанд англи хэл сураагүй бол хүүхдийнх нь хамтаар Их Британиас албадан гаргах журам гаргах тухай байсан юм.
Тэгвэл энэ журам хэрэгжиж эхлэхээр боллоо. Учир нь муслим эмэгтэйчүүдийг англи хэл сурахад нөхөр нь саад болдог ба муслим эмэгтэйчүүд одоо эрх чөлөөт оронд амьдран сууж байгаа тул тэднийг нийгмээс тусгаарлах, эрхийг нь боогдуулахын эсрэг арга хэмжээг авах цаг болсон гэж үзжээ.
Ингэснээр муслим эмэгтэйчүүд, тэдний үр хүүхэд амьдарч байгаа улсынхаа соёл иргэншилд нэгдэж чадах гэнэ. Камероны засгийн газар өөр улсаас ирсэн эмэгтэйчүүдэд англи хэл сургахад зориулж 26 сая паунд зарцуулах ба тэдний өмсдөг уламжлалт хувцсанд ямар ч хориг хязгаар тавихгүй гэнэ.
Их Британид Исламын шашин 2 дахь том шашинд тооцогддог. 2011 байдлаар Их Британийн ислам шашинтай хүн хоёр сая 706 мянга байсан нь нийт хүн амын 4.5 хувь ажээ. Англид 2.66 сая, Шотландад 76 мянга, Уэльст 45 мянга, Хойд Ирландад гурван мянган исламын шашинтан амьдардаг байна.