Бүгд Найрамдах Жибути улстай дипломат харилцаа тогтоох тухай албан мэдээнд Монгол улсаас Кувейт улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Энхбат, Бүгд Найрамдах Жибути улсаас Кувейт улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мухамед Али Аль Моумин нар гарын үсгээ зуржээ.
2016 оны 1 дүгээр сарын 20-ы өдөр Эль Кувеит хотноо болсон эл үйл ажиллагаагаар Монгол улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоон, хамтын ажиллагааг хөгжүүлэх бэхжүүлэх зорилтдоо нэг алхам ойртлоо.
Бүгд Найрамдах Жибути Улс нь 1977 онд тусгаар тогтносон Африк тивийн зүүн эрэгт Улаан тэнгис, Суэцийн сувагруу нэвтрэх, дэлхийн худалдаа, цэрэг, стратегийн чухал бүс нутагт оршдог хөгжингүй улс юм. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосноор олон улс, бүс нутгийн түвшинд ялангуяа НҮБ ба түүний харьяа байгууллагууд, Африкийн холбооны хүрээнд хамтран ажиллах, харилцан бие биенээ дэмжих, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол болон бусад салбарт харилцаагаа хөгжүүлэх зам нээгдэж байгаа юм.