“Монгол тулгатны 100” эрхэм нэвтрүүлгийн “хар бичлэг” олон нийтийн сүлжээгээр тарж, найруулагч Б.Баатар нэвтрүүлгээ орхихоо мэдэгдээд байгаа. Харин хөтлөгч П.Анужинг бэртээд эмчлүүлж байгаа “байнга холбоотой” гэж найруулагчийн ярьснаас өөр зүйлийг өнөөдөр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч бүсгүй ярьжээ.
“Open door” сонины 2016 оны нэгдүгээр сарын 21-ний дугаарт, нэрт сэтгүүлч Б.Ганчимэгийн П.Анужинтай хийсэн ярилцлага нийтлэгджээ.
П.Анужин: Нээрээ “бай” нь хэн байсан бэ? гарчигтай ярилцлага халуун, дотно уур амьсгалтай, нэг нэгнээ мэддэг, мэдэрсэн бүсгүйчүүдийн хөөрөлдөөн байв.
Өмнө нь манай сонин болон сайтад өгсөн ярилцлагадаа найруулагч Б.Баатар “Ярилцлагын нэвтрүүлэг найруулагчийн санаагаар үргэлжилдэг, таагүй санагдах үгс тэдгээр бичлэгээр тарсан бол 100 хувь миний буруу” гэж мэдэгдэж байсан бол П.Анужин “...Найруулагч маань Лхагваа ах бид хоёрыг хамгаалах гэж бүх үгийг хэлүүлдэг гэж хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэж байна лээ. Багаа, хамт олноо хамгаалах гэсэн сайхан сэтгэлд нь талархаж байна гэдгээ энэ дашрамд хэлье. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гэдэг хүн хэнээр юу хэлүүлэхээ заалгаад байхгүйг ард түмэн минь мэднэ шүү дээ. Миний хувьд ч хэнээс, юу асууж, хэрхэн ярилцахаа хэн нэгнээр заалгахгүй ээ. Бидний авсан яриаг хэрхэн яаж тасалж, найруулж аль хэсгийг нь авч, зочноо ямар өнцгөөс нь хэрхэн харуулах вэ гэдэг цэвэр найруулагчийн ажил. Ажил үүргээ барилгатай зүйрлүүлж хэлбэл, Лхагваа ах бид хоёр барилгын хамгийн үндэс болсон цементийг нь өөр өөрсдийн ур чадвараар чанартай бэлдээд өгдөг.
Харин сэтгүүлч Б.Ганчимэг “...Та камер ажиллаж байсныг мэдсэн үү?” гэсэн асуултад “Найруулагч хоёр л команд хэлдэг. Тэр бол мотор эхлэх бас бичлэг дуусах дохио. Мотор явлаа... гээд л би ажилдаа хоёргүй сэтгэл, оюун ухаан, зүрх сэтгэлээрээ ордог. Хэзээ унтрааж, асаагаад байна, тиймэрхүү зүйлд хэзээ ч оролцож байгаагүйгээ хэлмээр байна. Миний хувьд ажил үүргийн хуваариа маш сайн зааглаж, мэддэг. Тийм ч учраас бусдын ажилд хошуу дүрээд байдаггүй. Би камерийн өмнө дүр бүтээж байгаагүй, өөрийнхөөрөө амьдарч ирсэн. Зочиндоо нэвтрэх гэж ажилласан, дараа нь монтажаар таслагдахыг хэн хэн нь ойлгож байсан бичлэгүүд шигшигдэн тараагдсанд би гайхаж л байна. Найруулагч камерийг хэзээ асааж, унтрааж байгааг ч үл ажран ажиллана гэдэг бол маш том итгэл шүү дээ...” гэж хариулсан байв.
Энэ ярилцлага үнэхээр сонирхолтой, болсон үйл явдал яг хэнийг “бай”-гаа болгосныг тодруулах гэснээс гадна бас П.Анужин цаашид “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээ хөтлөх үү гэдгийг хэлүүлсэн байсан. “Зогсолт бол ухралт биш. Зөв газраа зогсож чадвал зөв урагшлахын эх болдог гэж би боддог” хариулт бий.
Ярилцлагыг бүрэн эхээр нь “Open door” сонины шинэ дугаараас бүрэн эхээр нь унших боломжтой.
Найруулагч, санаачлагч-хөтлөгч нь ямартай ч энэ цаг үед нэвтрүүлгээ орхих бодолтой байгаа бол “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн үлдсэн 50 дугаар хэний ураар бүтэх бол. Найруулагчийн хэлснээр “Нарийн зохион байгуулалттай, бүлэглэлийн ажил” хэнийг чиглэсэн юм бэ, ямар ашигтай юм бэ, зүгээр л хоосон сенсааци уу, хэвлэлийн бага хурал хийж, эхлүүлсэн ажлаа зогсоох хэмжээний дуулиан мөн үү. Олон олон асуулт хариултгүйгээр хөвөрнө. Бид яг одоо асар сонирхолтой, бодит өрнөлтэй “кино” үзэх боломжтой ховор цаг үед амьдарч байна...