АНУ-ын “Говийн баавгай” төслийн хүрээнд 2005 оноос хойш 27 мазаалайд GPS суулгаад байна. Харри Рэнолдсоор удирдуулсан энэхүү судалгааны баг өнгөрсөн зун нэг мазаалай барьж, GPS суулган, Баянхонгор гэдэг нэр өгчээ.
Түүний хүзүүвчин дэх сансрын дохиоллын мэдээллээр бол Баянхонгор мазаалай зун Хятадын хил даван Тэнгэр ууланд зусаад хоёр сарын дараа эх нутагтаа буцаж ирсэн байна.
Тэд бүх мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүн, байршлыг нь тогтоож, амьдардаг тархац нутаг, идэш тэжээлийг нь судлах зорилготой юм.
Мазаалай Алтайн өвөр говийн Аж Богд, Ээж хайрхан, Захуй, Зармангийн говийн баянбүрдүүд, Эдрэнгийн нуруу, Сэгс цагаан богдоор нутаглаж буйг хүзүүвчин дэх GPS-ийнх нь тусламжтайгаар тогтоожээ.
Одоо Говийн их дархан цаазат газарт 22-31 мазаалай бий гэж судлаачид үзэж байна. Мазаалай арваннэгдүгээр сард ичээндээ орсон.
Гуравдугаар сар хүртэл агуй, хонгил, сухайн төгөл доогуур хэвтэр засан ичдэг энэ амьтныг ичээнээсээ гарах үед нь хорголжин тэжээл тавьж өгөн, ундарга нь муудсан булаг шандыг сэргээж, газрын генератор суурилуулан бороо оруулан, нарны эрчим хүчээр ажилладаг худаг гаргаад буй.
Үүний үр дүнд мазаалай идэш, ус хайн олон мянган км явж, турж эцэхээ байсан. Энэ нь уг ховор амьтны үржилд сайнаар нөлөөлж, тоо толгой нь нэмэгдээд буй юм.
Харри Рэнолдс Олон улсын баавгай судлал, менежментийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 2004 онд Монголд ирж, БОНХАЖЯ-наас зохион байгуулсан мазаалайн талаарх хуралд оролцсоноосоо хойш говийн баавгайг судлах, хамгаалах, өсгөж үржүүлэхэд олон улсын эрдэмтэн, судлаачдын анхаарлыг хандуулж, өөрөө оройлон оролцож байгаа аж.
Б.БАЙГАЛ