Манай парламентын гишүүдийн олонх нь ажилдаа хойргодуу. Гэхдээ албан тушаалтныг огцруулах, чөлөөлөх, томилох болоход хэнбугайгаар ч шаардуулалгүй хуралдаа ирчихдэг нь олзуурхмаар.
Харин өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд ирц асуудал үүсгэнэ чинээ санасангүй.
Уг нь Г.Уянга нарын 19 гишүүний санаачилсан тус саналыг ажлын тав хоногийн завсарлага, амралтын хоёр өдөр буюу долоо хоногийн дараа хэлэлцэх шийдвэр ердөө тав, аравхан минутын дотор гарсан.
Гэвч Ерөнхий сайдыг огцруулах, улмаар Засгийн газрын хувь заяаг шийдэх уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхлэхээр төлөвлөсөн 08.30 цагаас “МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа” хэмээн алх цохих хүртэлх долоон цагийн хугацаанд хүлээлт, хүч түрсэн шийдвэр, хэн хэнийгээ буруутгасан мэдэгдлээр дүүрэн байлаа. Чухам юу болж, өрнөснийг доорх сурвалжлагаас уншаарай.
07.30 цаг. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг хэлэлцэж эхлэв. МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцсон тус хуралдаанд Г.Уянга гишүүн саналынхаа талаар тайлбарлажээ.
08.40 цаг. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал, УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр, тойргийн мандатын тоо тогтоох төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр тус Байнгын хорооны 19 гишүүнээс АН болон ИЗНН-ынхан л ирж 47.3 хувийн ирц бүрдүүлээд байв. Тодруулбал, А.Бакей, М.Батчимэг, Р.Гончигдорж, С.Баярцогт, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, С.Дэмбэрэл, Н.Батбаяр, Х.Тэмүүжин нарын есөн гишүүн дээрх ирцийг бүрдүүлсэн юм.
10.20 цаг. “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан тарав. Тус бүлгийн гишүүд болох Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нарын саналыг олонх нь дэмжээгүй төдийгүй ирэх сонгуульд нэр дэвших эрхтэй нь холбож арга хэмжээ авахаа МАХН-ын дарга Н.Энхбаяр анхааруулжээ.
10.30 цаг. Эвслийн бүлэг хуралдсан танхимаас МАХН-ынхан Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөг зүглэсэн. Тэнд болсон жич хурал төдийлөн удаагүй бөгөөд сануулга авсан гурав мөн Л.Цогийн өрөөнд “хуралдав”.
Тэд Н.Энхбаяр даргын анхааруулгаас үл хамааран байр сууриа хэвээр хадгалж, саналаа татахгүй гэдгийг Г.Уянга гишүүн мэдэгдсэн. Үүнийг гишүүн О.Баасанхүү ч баталсан.
Харин Л.Цог гишүүнээс байр суурийг нь тодруулах гэхэд ганц үг унагаагүй. Дашрамд дурдахад, гишүүн О.Баасанхүү Ч.Сайханбилэгийг огцруулж, АН-ын дарга З.Энхболдыг дараагийн Ерөнхий сайд болгох хүсэлтэй буйгаа уламжлаад амжив.
12.30 цаг. Бусдыгаа дөрвөн цаг хүлээсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд нэг цагийн дараа хуралдахаар болзож, түр завсарлах нь тэр.
Байнгын хорооны дарга А.Бакей УИХ дахь нам, эвслийн бүлгийн гишүүд, тэр дундаа төсөл санаачлагч Г.Уянгыг танхимд ирж асуудлаа танилцуулахыг удаа дараа урьж, нийгмийн сүлжээгээр хайж, зарласан ч тусыг эс олов.
Уг нь Г.Уянга тус Байнгын хорооны гишүүн тул ядаж л тэр хүрэлцэн ирж гэмээнэ ирц 50 хувь давж, хуралдаан эхлүүлэх боломж бүрдэх байв. Гэвч Г.Уянга болон уг төслийг санаачилсан бусад гишүүн ирээгүй юм.
Гишүүн Н.Батцэрэг гадаадад томилолттой байсныг эс тооцвол тус Байнгын хороонд харьяалалтай МАН-ын долоон гишүүн хуралдаа суугаагүй.
Тэднээс Су.Батболд, Ц.Дашдорж, Д.Лүндээжанцан, О.Содбилэг нар уг саналд гарын үсэг зурж, дэмжсэн. Хуралдаанд оролцоогүй шалтгаанаа гишүүн Г.Уянга “Байнгын хороо 19 гишүүнтэй. 19 гишүүний арав нь ирчихвэл хурал эхэлнэ.
Ирц бүрдчихвэл саналыг дэмжиж гарын үсэг зурсан 19 гишүүн хамтдаа орж байр сууриа илэрхийлэхээр ярилцсан. Тэдний шийдвэрийг хүндэтгэхээс өөр арга байхгүй” гэсэн бол МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “УИХ-ын олонх ирцээ бүрдүүлж, огцруулах санал гаргасан Г.Уянга гишүүн үндэслэл бүхий тайлбараа хийх нь зүйтэй гэж үзсэн” хэмээн тайлбарласан.
15.10 цаг. Ирц бүрдүүлэх гэж Г.Уянга болон МАН-ынхныг царайчилсан эрх баригчид өөр арга сэдсэн бололтой. Байнгын хороо бус, нэгдсэн хуралдаан хуралдуулахаар болжээ. 14.00 цагт зарласан нэгдсэн хуралдаан цагийн дараа эхэлж, хоромхон зуурт өндөрлөв.
Ингэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс гишүүн Н.Батцэрэгийг чөлөөлж, оронд нь Эдийн засгийн байнгын хорооноос гишүүн Г.Батхүүг оруулж ирсэн хэрэг.
Ирц бүрдүүлэх гэсэндээ УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчин байж Байнгын хорооны бүрэлдэхүүнийг өөрчиллөө гэж үзсэн МАН-ын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах саналаас завсарлага авах хүсэлт тавьсан ч хүлээж авсангүй.
15.30 цаг. МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэрбээр гишүүн Байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ заавал бичгээр уламжлахаар хуульчилсан атал эрх баригчид ирц бүрдүүлэх гэж улайран гадаадад томилолттой байгаа хүнийг эзгүйд нь харьяалах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс хасаж, өөр хүн оруулсан нь хууль зөрчсөн үйлдэл болохыг мэдэгдсэн.
Мөн хуулийн дагуу завсарлага авах хүсэлт тавихад өгөөгүй нь хууль зөрчсөн үйлдэл болохыг тэмдэглэлээ.
15.40 цаг. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 57.9 хувийн ирцтэй эхэлж, гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналаа танилцуулав. Тэрбээр “Энэ санал наймаа, тохирооны чухал хэрэгсэл болчихоод буй юм байна.
Эвслийн бүлгийн дарга Шадар сайд болох ёстой. Тийм учраас гарын үсэг зурсан гурван гишүүн саналаа татаач гэсэн. Бид санал нийлэхгүй. Энэ бол хэн нэгний албан тушаал наймаалцах хэрэгсэл биш” гэж байлаа.
Танилцуулгатай холбогдуулан МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Дээрх саналын үндэслэлийг судалж, Ч.Сайханбилэгийн Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг дүгнэх шаардлагатай буй” хэмээн тав хоногийн завсарлага авах хүсэлтээ уламжилсныг хуралдаан даргалагч ёсоор болголоо.
Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Энэ асуудлыг он дамжин ярьж буй. Г.Уянга гишүүний албан бланк дээр гарын үсэг зурсан гэж буй ч үнэн чанартаа МАН Засгийн газрыг унагаах бодлогоо хэрэгжүүлж байгаа нь тодорхой боллоо. Тиймээс үүнийг шуурхай хэлэлцэх шаардлагатай” гэв.
Үүний дараа УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн тов, тойргийн мандатын тоог тогтоох төслийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлгээс ээлжит сонгуультай холбоотой бүх тогтоолын төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авснаар хуралдаан өндөрлөлөө.
Б.УРАН