Манай иргэд хойд хөршийн нутаг дэвсгэрт машинтайгаа нэвтрэхэд ОХУ-ын жолоочийн хариуцлагын албан журмын даатгал (оросоор ОСАГО буюу обязательное страхование автогражданской ответственности)-д заавал хамрагдсан байх хуультай аж.
Саяхныг хүртэл манай зарим жолооч уг даатгалд хамрагдалгүй яваад ирж болдог байсан бол одоо Монгол руу буцах үед Оросын гааль дээр даатгуулсан, эсэхийг нь шалгаж, түүнд нь манайхан “унаж”, асуудал үүсгэх болсон.
Манай улсын иргэд энэ талаар тодорхой мэдээлэлгүй нь үүнтэй холбоотой. Тиймээс энэ талаар “АРМ интернэйшнл” компанийн захирал С.Бекбулатаас тодрууллаа.
Учир нь тус компани энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дээрх даатгалыг Улаанбаатарт хийдэг болоод буй аж.
-ОХУ-ын жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд заавал хамрагдах шалтгаан, эх орондоо хийлгэхийн давуу тал юу вэ?
-Машинаараа зорчиж буй манай ихэнх иргэн нутаг руугаа буцахдаа Оросын гааль дээр үзүүлэхийн тулд л даатгуулдаг. Үүнийг манайхан “страхов” гэдэг. Энэ бол огт үйлчлэхгүй даатгал юм шүү. Ийм даатгалтай эрсдэлд орвол маш өндөр торгуультай.
Мөн манайхан хил дээр очсоныхоо дараа Оросын даатгалын төлөөлөгчөөр дамжуулан даатгуулдаг. Гэвч даатгалын хуурамч баталгаа олгох тохиолдол гардаг. Энэ нь даатгалын баталгааны алдагдсан хуудсыг тус улсын хил хязгаар, боомт газарт борлуулах явдал түгээмэл байдагтай холбоотой.
Үүнийг богино хугацаанд ашиглаад, эрсдэл гарахгүй бол мэдэгдэхгүй өнгөрч болно. Гэвч энэ бол ердөө л цаас худалдан авч, хохирч байгаа хэрэг юм. Иймээс уг даатгалыг буух эзэн, буцах хаягтай газарт хийлгэх нь зөв.
Мөн тэд танд ямар ч нэмэлт үйлчилгээ үзүүлэхгүй. Орос хэл мэдэхгүй бол юу өгснийг нь л аваад явна шүү дээ. Эх орондоо даатгуулснаар ядаж бүх зүйлийг монгол хэлээр тайлбарлуулж, илүү мэдээлэлтэй болно.
Эрсдэл тулгарахад монгол хэлтэй, эсвэл буриадаар ярьдаг, мэргэшсэн хуульч танд зөвлөнө. Манай хуульчид тэнд ажиллаж байгаа.
-Уг даатгалд хамрагдаагүй бол ямар торгууль төлдөг юм бэ?
-Жишээ нь, цагдаа таныг зогсоосон л бол 800 рубль (24000 төгрөг)-ээр торгоно. Дахин цагдаа зогсоовол мөн л торгоно. Өдөрт хэд ч торгуулж мэднэ.
-Оросын даатгалыг монгол компани хийж байна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, манайх даатгалын мэргэшсэн зуучлал, эрсдэлийн удирдлагын зөвлөгөө өгдөг. Оросын даатгалын үйлчилгээ бол ажлын маань нэг хэсэг. Оросын “Евроинс”, “Хоска”, “Гелиос” гэсэн гурван компанитай хамтран ажиллаж байгаа.
Эдгээр нь даатгалын үйлчилгээ эрхлэх албан ёсны эрх, жолоочийн хариуцлагын даатгал хийх зөвшөөрөлтэй.
Мөн ОХУ дахь Тээврийн даатгалын холбооны гишүүд юм. Чита, Буриад, Алтайн хязгаарт үйл ажиллагаа явуулдаг, Улаан-Үд, Чита, Эрхүүд салбартай. Тиймээс найдаж болно.
-Эрсдэлийн үед ямар хэмжээний нөхөн төлбөр авах боломжтой юм бол?
-Даатгуулагч осол гаргаж, бусдын машин болон зорчигчид гэмтэл учруулбал 400 мянган рубль (12 сая төгрөг) хүртэлх нөхөн төлбөр олгох боломжтой. Ер нь даатгалын хүчинтэй хугацаанд гарсан осол бүхэнд нөхөн төлбөр олгоно.
-Хураамж нь хэд вэ. Хил дээр хийлгэхтэй харьцуулбал?
-ОХУ-д осол гаргаж байсан бол хураамж нэмэгдэнэ. 15 хоногийн хугацаанд 1983-2182 рублиэр даатгаж буй. Үнийн хувьд нэг их зөрүү байхгүй.
Б.НОМИН