Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр ийн өгүүлэв. “Хэдийгээр гишүүдийн ирц хангалттай хүрсэн. Гэвч Үндэсний зөвлөлдөх хороо дотоод асуудлаар хуралдсанд орвол тарсан нь дээр, улс төрийн нөхцөл байдал уржигдар үдэш Төрийн ордонд бий болсон тул эхлээд Засгийн газраа аварчихаад дараа нь ҮЗХ-ны хуралдааныг товлохоор хойшлууллаа”. Тайлбарыг Л.Эрхэмбаяр хэлснээс биш, хийсэн цаад эзэн нь АН-ын дарга З.Энхболд. Энд нэг худал, нэг үнэн байна.
НЭГ ХУДАЛ: ҮЗХ-НЫ ИРЦ
Төрийн ордонд уржигдар хуралдаан эхлэхээр товлосон 17.00 цагт АН-ын Тамгын газрын хэдэн ажилтан, тэднээс хавьгүй олон хэвлэлийнхнээс өөр хүн байгаагүй.
Их танхимын үүдний улаан хивсэн дээгүүр дуран үүрч нааш цааш хөлхсөөр, хүн орж ирвэл зургийг нь дарах гэж хүлээсээр сүүлдээ залхсан М.Зоригт сайд үүнийг гэрчилнэ. Хагас цагийн дараа уван цувсаар арай гэж хэдэн хүн ирсэн нь 20 орчим.
17.30 цагт АН-ын дарга З.Энхболд генсекийн үүрэг гүйцэтгэгчээ дагуулсаар орж ирсэн. Тэр хоёрыг танхимд суудлаа эзлэхэд ҮЗХ-ны таваас олонгүй гишүүн сууж байв.
З.Энхболдоос ярилцлага авахаар бүчсэн сэтгүүлчдийг хурал эхэлтэл танхимаас гарахыг шаардсан юм. Ийнхүү 18-19 цагийн үед нэмж ирсэнтэйгээ нийлээд хуралдааны ирц 70 хүрэхтэй, үгүйтэй.
НЭГ ҮНЭН: ЗАСГИЙН ГАЗРАА АВАРНА
АН-ын фракцууд Засгийн газраа огцруулахын эсрэг нэгэн шугамд шахагдсан нь мэдээжийн хэрэг. Н.Алтанхуягаа огцруулсан, Ч.Сайханбилэгээ ороолгосоор буй улс төрийн өс хонзон одоо ч АН-д хүчтэй хэвээр байгаа.
Гэвч сонгууль хаяанд ирсэн нь АН-ын фракцуудад цаг хугацааны дарамт үзүүлэх учиртай. Эрх мэдлийн жолоог атгахаар сөргөлдөгчид хүртэл хар аяндаа хайрцаглагдах гол шалтгаан нь одоо зөвхөн сонгууль.
АН сонгуульд ялах боломжоо эдийн засгийн үзүүлэлтээр биш, намын эв нэгдэл зэрэг дотоод хүчин зүйлээр өсгөх хэрэгтэй. Ялж байж л АН-ын фракцуудад “Тавантолгойг хэн хянах вэ” уралдаандаа үргэлжлэн оролцох, нэг бус засгаар оролдох боломж олдох юм.
Ч.САЙХАНБИЛЭГ З.ЭНХБОЛДОД ХҮЧЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭЖ ҮЗХ-Г ИРЦГҮЙДҮҮЛСЭН
Огт бүрдээгүй ирцийг хангалттай бүрдсэн гэж худал мэдээлэхээс өөр арга АН-ын даргад олдсонгүй. Яагаад гэвэл ҮЗХ-ны гишүүдийн олонх зориуд, зохион байгуулалттайгаар ирсэнгүй гэдгийг З.Энхболд танхимд орж суусан хойноо мэдсэн юм.
Хамаг учир Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт байгааг ч тэр даруй ойлгосон нь мэдээж. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноосоо хойш АН-ын даргын суудлыг З.Энхболдоос ил, далд битүү хатуу шаардсаар ирсэн билээ.
Тиймээс намын даргын асуудлыг нэг мөр болгох боломжтой ҮЗХ-нд хэр нөлөөтэй болсноо З.Энхболдын “Шонхор”, Х.Баттулгын МоАХ-нд харуулах гэж ирц дутааж сануулсан нь энэ.
“Алтангадас”, “Нэг ардчилал”, МҮДН, “Чандмань”, “Кроун” фракцын ҮЗХ дахь 100 гаруй гишүүн Ч.Сайханбилэгтэй үзэл санаа нэг байгаагаа илэрхийлж уржигдрын хуралдааныг тасалжээ. Тэдэн дээр МоАХ-ны зарим гишүүн нэмэгдсэн аж.
МоАХ сүүлийн үед Х.Баттулгын, Ц.Элбэгдоржийн, Ш.Түвдэндоржийн талыг баримтлагсад болж гурван хэсэгт хуваагдсан гэх мэдээлэл байна. Эхний хэсэг нь Х.Баттулгаа дэмжин “Шонхор”-той ойр ажиллаж байгаа бол, үлдсэн хоёр хэсэг нь “Алтангадас” болон Ч.Сайханбилэгийг дэмжих болжээ.
Уржигдар ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулсны буруутнууд болохгүйн тулд “Алтангадас”, “Нэг ардчилал”, МҮДН, “Чандмань”, “Кроун”, МоАХ-ны хоёр хэсэг тус бүрээс 1-2 төлөөлөл хүрэлцэн ирсэн нь сайнаар бодвол соёл, муугаар харвал заль ч юм шиг.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгуулийн үеэр бүсгүйчүүдийн дунд нөлөө бүхий эрэгтэй удирдагч болохоо мэдрээд байсан З.Энхболд ҮЗХ дахь хүчний тэнцвэр хааш эргэснийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орлоо.
Одоо З.Энхболд Ч.Сайханбилэгийн шаардлагуудад буулт хийж эхлэх, эсэх анхаарлын төвд үлдэв. Ч.Сайханбилэг ҮЗХ-гоо хуралдуулах, намын даргын сонгууль явуулах, их хурлаа товлон зарлахыг шаардаж байсан удаатай.
ҮЗХ ХЭЗЭЭ ХУРАЛДАХ ВЭ
Засгийн газраа өнөө, маргаашгүй аварчихвал тэр даруй хуралдана гэж хүлээсэн хөдөөгийн төлөөлөгчид нутаг буцаж зүрхлэхгүй сууцгааж байгаа сурагтай.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх байтал МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав. Ийнхүү АН-ын ҮЗХ-ны хуралдааны тов ирэх долоо хоног хүртэл тодрохгүй нь өчигдөр ил боллоо.
МАН уг нь олон нийтийн дунд “эв нэгдлийг эрхэмлэгч”, “зангарагтай” гэхчлэн гайгүй нэр зүүсэн нам. Будаач гээд сахлаа буддаггүй шиг сөрөг хүчин болж байгаа нь энэ гээд Засгийн газрын эсрэг өөрийнхөө “тогтвортой” имижийг эвдсэн сөрөг бодлогоор давшилж буй нь зохимжгүй харагдана.
ХАГАРХАЙ ОЛГОЙ ТОГООНООСОО ХАЛИЛАА
Тэд эрх барьдаггүй байсан бол АН-ын олгой хагарах, тогооноосоо халих, эсэх нь тэгтлээ анхаарал татах эд биш. Чухал хүмүүс чухал цагт эв эвдэрсэн тохиолдолд “Олгой хагаравч тогоон дотроо” гэж монголчууд захиж сануулдаг.
Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж чадалгүй хойшлуулна гэдэг АН-ын дотоод асуудал ужгирсны томоохон дохио юм.
АН-ыг Ч.Сайханбилэгээ огцруулчихаасай гэсэн хүлээлт МАН-д лав байгаа юм байна. Сонгуулийн марафонд морио сольж орохыг “зөвлөх” хүчин МАН-аас өөр үгүй болов уу.
Гэвч АН-ын удирдлага УИХ дахь намын бүлэг нь Засгийн газраа огцруулахгүй гэж шийдэхийг мэдэгдсэн нь тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан ҮЗХ-ны хуралдаанаас үлдсэн ганц сайн мэдээ байлаа.
З.Энхболд АН-ын дарга болсноосоо хойш анх удаа хуралдуулах гэж байсан ҮЗХ нь ирцээр дутсанд ичсэндээ бантан хутгачихгүй л бол шүү дээ.
Б.ЭНХЦЭЦЭГ