Өмнөд Америкт тархаж эхлээд байсан шумуулаар дамждаг "Зика" вирус дэлхийн бусад бүс нутаг, орнуудад илэрч эхэллээ.
Уг вирусийн голомт нь Бразил улс бөгөөд тархалт улам тэлсээр АНУ, Ази, Европт вирусийн халдвар авсан тохиолдлууд бүртгэгдэж эхэллээ.
Зика нь жирэмсэн эмэгтэйн ургийн хөгжилд нөлөөлж "microcephaly" хэмээх гажиг үүсгэсний улмаас маш жижиг тархитай хүүхэд төрдөг байна. Уг вирус нь шумуулаар болон бэлгийн замаар халдах ба АНУ бие давхар бүсгүйчүүдийг Өмнөд Америкийн бүс нутгуудруу аялахгүй байхыг анхааруулжээ. Төв болон Өмнөд Америкийн 14 орон тэдгээртэй хил залгаа оршдог 30 гаруй улс аюултай бүсийн тоонд орж байна.
Он гарснаас вирусийн тархалт Бразил улсад 20 дахин нэмэгдсэн, одоогоор эмчилгээний арга нээгээгүй байна. АНУ-ын эрдэмтэд Зикагаас урьдчилсан сэргийлэх вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа билээ.
Африкийн Кабо Верде, АНУ, Канад, Европд зикагийн вирус тээгчид илрээд байгаа ба өчигдөр Тайландаас Тайваньд ажлын шугамаар ирсэн залуугаас вирус илэрсэн нь Азид тархах эрсдэлийг нэмэгдүүллээ.