Гэр хорооллын худгууд 24 цагаар ажиллах боломж бүрдэж байна. Төвийн системд холбогдоогүй хэрэглэгчдийг цэвэр усаар тасралтгүй хангах зорилгоор уг түгээх байруудад ухаалаг системийг суурилуулж эхэллээ.
Ингэснээр иргэд худаг онгой цагийг хүлээхгүй мөн худаг амардаг өдөр гэж байхгүй болох юм. Хэрэглэгчид хүссэн үедээ картаа уншуулаад ус авах ба нийслэлд байдаг 600 гаруй худаг тус бүр дээр ус түгээгч ажиллах шаардлагагүй болох юм.
Ус авах картыг ухаалаг систем суурилуулсан газрууд эхний ээлжид үнэгүй тарааж байгаа бөгөөд картанд байгаа мөнгө дуусвал банканд очиж цэнэглүүлэх гэнэ.
2016 онд Баянзүрх дүүргийн 2, 10, 17, 21, 27 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 13, 15, 18 дугаар хороо, СБД-ийн 9, 10, 16 дугаар хороо, БГД-ийн 16 дугаар хороонд орших 4600 гаруй өрхийг цэвэр усаар хангадаг худгуудад цахим систем суурилуулна. Ирэх онд бусад хороодын худгийг ухаалаг төлбөрийн системд шилжүүлэх ажил хийгдэх юм.