“Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөлгөөн Улаанбаатарт маргааш, нөгөөдөр болно. Анх удаа зохион байгуулж буй уг арга хэмжээнд Монгол, АНУ, Англи, Австрали, Хятад, БНСУ зэрэг орны төрийн болон төрийн бус байгууллагын эрдэмтэн, судлаач, шийдвэр гаргах түвшний нийт 160 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Тэд агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд, түүн дотор ургийн бойжилтод хэрхэн нөлөөлж буйг судалсан үр дүнгээ хэлэлцэнэ. Мөн манайд жил бүр 1000-1300 хүүхэд 0-1 насандаа эндэж буйн шалтгааныг олон улсын эрдэмтэд агаарын бохирдлоос үүдэлтэй, эсэхийг судалж, тогтоох аж.
ДЭМБ-ын мэдээлж буйгаар агаарын бохирдолтой орчинд өдгөө дэлхийн 50 сая хүн амьдарч, жил бүр 3.1 сая нь наснаасаа эрт хорвоог орхиж буй гэнэ. 1999-2016 онд агаарын бохирдлоос үүдэн амьсгалын замын өвчин 26.8, зүрх, судасных 18.1 хувиар нэмэгджээ.