Энэ долоо хоногт улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг соёлын салбарт болж өнгөрсөн сонирхолтой, анхаарал татсан халуухан мэдээний тоймыг хүргэе.
Онцлох дуулиан
Кабель, интернэт, суурин утас гээд гурвалсан үйлчилгээг санал болгодог "Юнивишн" өрхийн хэрэглээний багцдаа өөрчлөлт оруулсан нь энэ долоо хоногийн онцлох дуулиан байлаа. S, M, L, XL хэмээн ангилж нэрийг нь өөрчилж, интернетийн хязгааргүй хэрэглээг хязгаарлажээ. Тухайлбал, өмнө нь 29.900 төгрөгийн үнэтэй багцад дагалдах интернэтийн хэрэглээ хязгааргүй, хурд нь 1 гб байсан бол хэрэглээний хэмжээг 100 гб болгосон байна. М буюу 39.900 төгрөгийн үнэтэй багц 200 гб, L буюу 54.900 төгрөгийн үнэтэй багцийн интернэт хэрэглээг 300 гб эрхтэй харин 89.900 төгрөгийн багц 500 гб интернэт ашиглах эрхтэй болж өөрчлөгдсөн байна. Энэхүү нөхцөл ирэх сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхлэх ба хэрэглэгчидтэй байгуулсан гэрээний 8.2-т зааснаар үнийг үйлчлэгч байгууллага өөрчлөх эрхтэй гэж тусгасан. Харин энэ талаараа үнийн өөрчлөлт хийхээс 10 хоногийн өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон хэрэглэгчдэдээ мэдэгдэх ёстой байдаг байна.


Онцлох үйл явдал
Түр зогсоогоод байсан найман хувийн ипотекийн зээлийг үргэлжлүүлж олгохоор болсон нь онцлох үйл явдал байлаа. Тодруулбал, энэ сарын 19-ний УИХ-ын чуулганаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.5 хувийн саналаар баталсан. Ингэснээр зээлийн эргэн төлөлт хэвийн найдвартай хийгдэх буюу олгосон зээлүүд эргэн төлөгдөхгүй байх, эрсдэлд орох бодит нөхцөл байдал үгүй болж байгаа аж. Банкны зээл олгогдож, зээлийн санхүүжилтээр явагдаж буй бага хүүтэй, урт хугацаа бүхий Засгийн газрын “Орон сууцны зээлийн хөтөлбөр” хэвийн явагдахаас гадна банк, санхүүгийн байгууллагууд үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгосноор зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэх, түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнест бодитой дэмжлэг үзүүлэх юм. Үүний дараа ипотекийн зээлийн хүүг 5 хувь болж магадгүй гэсэн олон нийтийн хүлээлт бий болсон бөгөөд эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс энэ удаад “Таван хувийн зээлийн хүү зөв нүүдэл мөн үү” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Гэвч тус хэлэлцүүлгээр найман хувийг 5 болгон бууруулснаар олон зуун өрх орон сууцанд орж, агаарын бохирдол, ажилгүйдэл буурч, барилгын салбарт үүссэн өрийн сүлжээ шийдэгдэн, барилгын компаниуд төдийгүй барилгын материалын үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа эргээд хэвийн үргэлжилнэ гэж зарим эдийн засагч үзэж байгаа аж. Гэвч зах зээлд хүчээр оролцон, гаргаж буй энэ шийдвэрийн улмаас дунд болон урт хугацаанд эдийн засагт сөрөг нөлөө үүснэ гэж болгоомжилж байгаа шинжээчид ч байгаа аж.
Онцлох хүн
Энэ долоо хоногийн “онцлох” хүнээр УИХ-ын гишүүн Г.Уянга тодорлоо. Тэрээр УИХ-ын Г.Уянга, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах саналаа УИХ-ын даргад өргөн барисан юм. Өмнө нь тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг томилогдсон өдрөөс эхлэн огцруулна гэдгээ мэдэгдэж, огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байсан ч гишүүдийн тоо 19 хүрээгүй учир саналыг өргөн барих боломжгүй байсан аж. Үүний дараа Г.Уянга гишүүн С.Баярцогтын аав Сангажав гуай, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн аав Чимид гуай, Сентерра голдийн төлөөний хүн Сандаг генералын аав ээжид ил захидал илгээлээ. Тус захидалдаа Ноён уулыг тусгай хамгаалалтад авахыг сануулсан байна.
Цаг агаар
Энэ долоо хоногт хүйтний эрч чангарч, энэ сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр, 17-нд зарим газраар, 18-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 17,18-нд зарим газраар, 19, 20-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсчээ. Түүнчлэн Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм хүйтэрсэн байна.
Эдийн засаг
“Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалт энэ сарын 20-ны өдөр болж өнгөрлөө. Тус чуулга уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улаанбаатар хот – хөрөнгө оруулалт 2016” илтгэлдээ “Нийслэл энэ онд 427 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Үүнээс нийслэлийн төсвөөр 203.5 тэрбум, Хөгжлийн банкнаас нийслэлд хэрэгжүүлэх төслүүдэд 120 тэрбум төгрөг, орон нутаг болон улсын төсвөөр 103.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм. Бүтээн байгуулалтын ажлуудаа хувийн хэвшилтэй хамтран гүйцэтгэж, бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллах нь чухал” гэдгийг дурьдлаа.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 203.5 тэрбум төгрөгийн ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:
- Хот байгуулалтын салбар - 59.3 тэрбум төгрөг
- Авто замын салбар - 55.1 тэрбум төгрөг
- Нийгмийн салбар - 31.7 тэрбум төгрөг. Үүнээс боловсролын салбарт 53 цэцэрлэг, 26 сургууль, 42 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барьж, 10 цэцэрлэг, 12 сургуулийн их засварын ажлыг 24.8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэнэ. Харин эрүүл мэндийн салбарт 2.1 тэрбум төгрөгөөр Баянзүрх, Баянгол дүүрэгт 100 ортой эрүүл мэндийн төв, Чингэлтэй, Баянгол дүүрэгт 200 ортой хүүхдийн эмнэлэг, Чингэлтэй дүүрэгт Түргэн тусламжийн төвийн салбар пункт, Баянзүрх дүүрэгт 100 ортой амаржих газар барьж, түргэн тусламжийн 10 автомашин худалдаж авахаар төлөвлөжээ.
- Инженерийн дэд бүтэц - 12.9 тэрбум
- Нийтийн тээврийн салбар - 11.3 тэрбум
- Хот тохижилтийн салбар - 7.5 тэрбум
- Төр захиргааны салбар - 6.1 тэрбум
- Бусад 19.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх аж.