Юнивишн компаний 2 дугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэх гэж буй шинэ үйлчилгээ, журмын талаар болон SPS, Юнивишн-ний төлбөртэй спорт сувгийн асуудлаар сэтгүүлч Э.Амарсайхан, хуульч О.Батхүү мөн хөл бөмбөг, спорт сонирхогчид, иргэдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд интернетийн хэрэглээг хязгаарлаж, мөн сардаа 12 мянган төгрөгийн төлбөртэй спортын "SPS" суваг нь хоёр сарын турш хэрэглэгчдэд анх амласан ёсоороо спортын тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлэхгүй, техникийн гэмтэл гэсэн шалтгаанаар интернет дэх үнэгүй бичлэг цацаж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.
Монголдоо тэргүүлэгч гурвалсан үйлчилгээний компани болох Юнивишн анх гэрээ байгуулахдаа хэрэглэгчиддээ амласан контент нийлүүлэлт, кино болон танин мэдэхүйн сувгууд, спортын сувгуудаа дур мэдэн хааж энэ үйлдэлдээ ямар нэг тайлбар хийгээгүй байгаад иргэдийн зүгээс ихээхэн бухимдалтай байгаа юм.
Харин үүнтэй зэрэгцэн интернет хэрэглээнд хязгаар тавьж гэрээнд заасан заалтуудыг зөрчиж байгаа нь хэд хэдэн хуулийг зөрчиж буй хэрэг бөгөөд Юнивишн компанийг шийдвэрээ эргэн харж, интернет хурдаа сайжруулах арга хэмжээ авахгүй бол шүүхийн шатны байгууллагад хандана гэдгээ мэдэгдлээ.
Түүнчлэн хэрэглэгчдийн зүгээс тус байгууллагад тавьсан санал хүсэлтийн хариуд "та гэрээгээ цуцлуулж болно" гэсэн хариулт өгч байгаа учраас хэрвээ гэрээгээ цуцлах бол суурилуулалтын хураамж, төхөөрөмжийн төлбөр, хэрэглээний явцад авч чадаагүй үйлчилгээний мөнгөө Юнивишн компаниас нэхэмжлэх хэрэгтэйг дурдсан юм.
Тиймээс спортын сувгийн тал дээр бусад телевизүүдэд боломж олгохыг шаардаж мөн 2 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө Юнивишн компанийг шийдвэрээ эргэн харах, хэрэглэгчиддээ хандан ямар нэг тайлбар хийхийг хүслээ.
HTML-