Бүгд найрамдах Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбаны Монгол улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд хоёр талын ерөнхий сайд нар Төрийн ордонд уулзаж, хэлэлцээр хийсэн бөгөөд хэлэлцээ илэн далангүй, найрсаг дотно уур амьсгалтай болсон байна. Монгол Унгар улсын хоорондын харилцаа улам бэхжиж, өргөжин тэлж байгаа билээ.
Хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарахад Монгол улс хөгжлийн банк, Унгар улсын ЭКСИМ банк хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг чухал нөлөө үзүүлэх юм.
2010 оноос хойш яригдсан Сонгино дахь "Биокомбинат" төрийн өмчид үйлдвэрийн газарт Унгар улсын засгийн газар хөнгөлөлттэй зээлээр иж бүрэн шинэчлэл хийх ажлын явцыг хурдасгах гэрээ байгуулжээ.
Энэ төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Унгарын талтай хамтарч хийх саналтай байна. Хоёр орны худалдааны нийт эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааг харилцан ашигтай хоёр урсгалтай болгоход анхаарч ажиллахыг хүсээд Унгарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхлоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илэрхийллээ.
Түүнчлэн Хөдөө аж ахуйн яам, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны санамж бичгүүдэд тусгагдсан ажлуудыг эрчимжүүлэн Улаанбаатар-Будапешт хотуудын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа учраас эко-автобус үйлдвэрлэл, ухаалаг бизнес болон үзвэр үйлчилгээний төв байгуулах, Туул голын үерийн менежмент, барилгын материал үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хоол хүнд боловсруулах үйлдвэрлэл хамтран байгуулахаар болжээ.
Мөн Унгар улс усны нөөцийн судалгаа, гүний усны нөөц тогтоох, эм, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх туршлагатай. Эдгээр салбарт Монгол Улстай хамтран ажиллах боломж байгааг Унгарын Ерөнхий сайд хэлжээ. Унгар улсын тэтгэлгээр Монголын 400 оюутан тус улсад сурснаас ихэнх нь анагаахын боловсрол эзэмшсэн бөгөөд одоогоор 100 оюутан сурч байна, тэдний тоог 200-д хүргэх боломжтой гэж тэрээр хэлээд тэтгэлэгт хөтөлбөрт хамтарч ажиллах нь зүйтэй гэжээ.