Аялал жуулчлалын үндсэн үйл ажиллагаа зуны улиралд явагддагаас шалтгаалж мэргэжлийн ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах, тур операторууд өрсөлдөх чадвартай үнэ санал болгох, их хэмжээний хөрөнгө оруулалт татах боломжгүй болдог. Зочид буудлын ор ашиглалт, агаарын тээврийн компаниудын суудал дүүргэлтийн түвшин ч улирлаас шууд хамаарч, аялал жуулчлал, түүнийг дагасан олон бизнесүүд 10-р сараас зургадугаар сарыг хүртэл зогсонги байдалд ордог билээ. Тэгвэл энэ асуудлыг Улаанбаатар хотод төрийн байгууллагуудын шугамаар зохион байгуулах олон улсын хурал, зөвлөгөөн, уулзалтыг аялал жуулчлалын идэвхгүй улиралд явуулах замаар шийдвэрлэх захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргалаа. Өнгөрсөн онд 129.534 гадаадын иргэн албан зорилгоор манай улсад жуулчилсны 44.508 нь 6, 7, 8 дугаар сард иржээ.
“Төвлөрлийг сааруулах арга хэмжээ авснаар тур оператор компаниудад зуны улиралд авдаг жуулчдаа багагүй хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Төрийн байгууллагууд ч төсөв хэмнэх боломжтой болно. Учир нь бид Улаанбаатар хотын 4, 5 одтой 10 зочид буудалтай 9-р сараас 5-р сар хүртэл 50 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, гадаад сурталчилгаанд нь дэмжлэг үзүүлж байгаа” гэж нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга онцлов.